Оффисын зохимжит хувцаслалт

Хуучирсан мэдээ: 2022.12.07-нд нийтлэгдсэн

FASHION

Оффисын зохимжит хувцаслалт

Оффисын зохимжит хувцаслалт

Та өглөө бүр гэрээсээ гарахдаа өнөөдөр юу өмсөх вэ гэж шийдэж яддаг уу? Цар тахлын хамгийн сайхан нь хүйтэн бол ноосон өмдтэйгөө, дулаахан бол нимгэн хүрэмтэйгээ гэрээсээ ажиллах л байжээ. Одоо дэлхий даяараа ажил амьдралын хэв маяг жигдэрсэн тул оффист өмсөх зохимжтой хувцасны санаа хуваалцаж байна.

Нэгдүгээрт, айлаас эрэхээр авдраа уудал. Энэ бол ногоон зөвлөгөө. Та дэлгүүр лүү ухасхийхийн оронд хувцасны шүүгээгээ нэг сайн ухаарай. Эндээс нууцлаг эрдэнийн чулуу олно гэдэгт тань итгэлтэй байна. Хувцаснуудаа өөр хооронд нь шинээр зохицуулж, хуучирч муудсануудыг нь нөхөж янзлахыг танд зөвлөе. Тухайлбал, өнгө нь бүдгэрсэн хувцсаа зориулалтын будаг оруулагчид хийж, цоо шинэ мэт болгох арга байдаг.

Монгол шиг дөрвөн улиралтай орны хувьд улирлын чанартай хувцаснуудаа тухай бүрд нь далд хийгээд байвал нэгдүгээрт шүүгээ тань хөглөрөхгүй. Хоёрдугаарт олон сарын дараа чемоданаа нээхэд мартагдсан цоо шинэ хувцас таныг угтах болно.

Оффис хувцаслалтын хоёр дахь алтан дүрэм бол тав тухтай байдал. Дэлхийн өнцөг булан бүрт ажил олгогчид оффис хувцаслалтын дүрмээ харьцангуй сулруулжээ. Тиймээс энгийн бөгөөд чамин дүр төрхийг туршиж үзээрэй. Ажил дээрээ жинсэн өмд, пүүз өмсөхийг зөвшөөрдөг компаниуд маш олон болсон. Энгийн хувцасласан ч мэргэжлийн харагдах боломжтой. Материал болон өнгөний зохицол үүнд чухал ач холбогдолтой.

Загвар зохион бүтээгч Жоанна Дай хэлэхдээ, “Хүмүүс хэт албан костюм, харандаа хэлбэрийн банзал гэх мэтээс татгалзаж эхэлсэн. Шинэ үеийнхний оффис хувцаслалт илүү энгийн болсон” гэлээ.

Түүнчлэн ихэнх хувцсыг дундаж биеийн жинтэй хүнд тохируулж бүтээдэг тул биеийнхээ хамгийн өргөн хэсэгт тааруулж хувцасаа худалдаж авахыг мэргэжлийн хүн зөвлөж байна. Ингэснээр өдрийн ихэнх цагийг оффис дээрээ өнгөрөөдөг та илүү тав тухтай байна. Материалын тухайд гэвэл амархан үрчийдэггүй органик, хөвөн даавуу л хамгийн зөв сонголт болно. Полиэфир материал нь үрчийдэггүй боловч хөлс нэвтрүүлдэггүй тул элдэв үнэр гарах, хөлсний толбо болох эрсдэлтэй.

Эрчүүдийн хувьд доторлогоогүй костюм сонгохыг зөвлөе. Хэт албан харагдмааргүй байвал костюм дотуураа ноосон поло гэх мэт энгийн хувцас өмсөж болох юм. Костюмаа жимбийтэл товчлоод хэрэггүй. Дотуур нь сайн чанарын даавуун футболк өмсөөд, костюмныхаа энгэрийг задгай орхих ч дажгүй сонголт. Харин доогуураа оффист өмсөхөд тохирсон пүүз, кэт өмсөөрэй.

Хэрвээ та шинэхэн ажилтан бол хамт ажиллагсад юм уу менежерээсээ оффисын ерөнхий уур амьсгалыг эхлээд асуугаарай. Өмссөн хувцас тань таныг тавгүйтүүлбэл ажлын бүтээмж ч буурах сөрөг талтай.

Гуравдугаар дүрэм бол өөрийн гэсэн загварын коллекцтэй бол. Хэзээд шүүрээд авахад бэлэн хэд хэдэн бэлэн хослолтой бол. Час хийсэн чанартай цамц, хар өмд, пиджак нэг нэг ширхэг байхад яарч сандарсан үед нүүр тахална. Энэ цуглуулгад орох хувцас тус бүрийг өөр зүйлстэй хослуулаад долоо хоногтоо дор хаяж хоёр, гурван удаа өмсөнө гэж тооцоолох хэрэгтэй.

Оффис хувцаслалтдаа дагалдах хэрэгсэл буюу бяцхан чамин зүйлсийг нэмээрэй. Энэ бол дөрөвдүгээр дүрэм. Дагалдах хэрэгсэл бол энгийн дүр төрхийг нэг шат ахиулах алтан дүрэм юм шүү. Эс бол жинхэнэ чанартай брэндийн нэг гуталтай байхад бүх хувцаслалтыг аврана. Гурвалжин хэлбэртэй гоёмсог торгон ороолт, цаг, том ээмэг, өөр ер нь юу ч байж болох юм.

Оффис хувцаслалтын тухайд маргаан дагуулсаар ирсэн нэг сэдэв бол жинсэн хувцас. Жинс өмсөх үү, байх уу? Зарим компаниудын дүрэмд жинсэн өмд өмсөхийг хориглосон байдаг. Ядаж Баасан гаригт жинс өмсөхийг зөвшөөрдөг байгаасай гэж мэргэжлийнхэн хэлж буй. Сонгодог хувцаслалтаас түр татгалзаж, илүү хөгжилтэй дүр төрхийг хааяа бүрдүүлэхэд юу нь буруу гэж. Жижигхэн зөвлөгөө өгөхөд, хэт богино суудалтай жинсэн өмднөөс татгалзаарай.

Эцэст нь хэлэхэд, хэрвээ та ажилдаа явах дургүй бол, цар тахлын үеэр өөрийгөө интроверт төрлийн хүн гэдгээ ойлгосон бол өөрийгөө илэрхийлж, загвараар тоглох замаар сэтгэл санаагаа өргөх гээд үзээрэй. Оффис хувцаслалтыг хэтэрхий нухацтай авч үзээд хэрэггүй. Танд хамгийн эвтэйхэн, таныг өөртөө итгэлтэй болгодог тэр л хувцсаа өмсөөрэй.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж