Нийслэлийн хэмжээнд хотын төвлөрсөн дулаан хангамж багасч, орон сууцны халаалт өнгөрсөн жилүүдээс муу ирж байгаа талаар иргэд цахим хуудастаа бичиж буй. Албаныхан тайлбарлахдаа дулаан хангамжийн системийн эх үүсвэрүүд болох ДЦС-2, ДЦС-3, ДЦС-4, Амгалан дулааны станцууд батлагдсан горимын дагуу ажиллаж байгаа. Дамжуулах сүлжээний даралт өргөх насос станцууд, дулаан дамжуулах төвүүдийг хэвийн горимоор ажиллуулан хотын сүлжээнд холбогдсон нийт хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хэвийн, тасралтгүй ханган ажиллаж байна гэсэн. Гэвч өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад байрны халаалт эрс муудсан бөгөөд төвийн болон захын дүүргүүдэд ялгаагүй байгаа аж.
Угтаа 2022-2023 оны халаалтын улирлын өвөлжилтийн бэлтгэл ажлыг өнгөрсөн арваннэгдүгээр сард төлөвлөсөн хэмжээнд бүрэн хангасан болохыг мэдэгдсэн. Бодит байдал дээр нийслэлийн оршин суугчид жилээс жилд нэмэгдэж, өрхийн тоо буураагүй учир халаалтын хуваарилалт буурсан нь тодорхой.
Эхний ээлжид сургууль, цэцэрлэг, эмнэлэг албан газруудын дотор системийг сүлжээний усаар дүүргэх ажил үе шаттайгаар хийгдэхэд иргэд өвлийн бэлтгэл муу байгааг анхааруулж байсан. Тухай бүрд нь албаныхан тайлбар хийж, төвлөрсөн дулаан хангамжийн эх үүсвэр боломжит дээд хүчин чадлаар ажиллахаас өөр аргагүй гэж байв.
НАСЖИЛТ ӨНДӨР ДУЛААНЫ ШУГАМЫГ СОЛИХОД 200 МЯНГАН АМ.ДОЛЛАР ШААРДЛАГАТАЙ
Улаанбаатар хотын дулаан хангамжийг сайжруулах, шинэчлэн өргөтгөх хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Дэлхийн банкны төслийн санхүүжилтээр 2021 оноос 3, 4, 5, 8-р гол магистраль шугамыг үе шаттай өргөтгөн шинэчилж байгаа аж.
Эдгээр шугамын насжилт хэтэрч өвлийн оргил ачааллыг даахгүй болсноос дулаан хангамж доголдох тасалдах тохиолдол гардаг тул 2025 он хүртэл хөгжлийн банк, Дэлхийн банкны зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн бүрэн шинэчлэхээр болсон.
Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци Монгол Улсын засгийн газрын хооронд байгуулсан 41 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн гэрээний дагуу энэ төслийг 2021-2025 оны хооронд хэрэгжүүлнэ. Улаанбаатарын газар доогуур байдаг нийт шугам сүлжээний 40 гаруй хувь нь 30 жил, 20 гаруй хувь нь 40 жил болсон байдаг байна. Дулааны шугамыг бүхэлд нь солиход 200 гаруй мянган ам.доллар шаардлагатай гэсэн тооцооч гарсан байдаг. 120-130 градусын халуун ус гүйдэг шугамын хоолойг хааж ажиллагаа хэвийн эсэхийг шалгадаг байна.
Дийлэнх улсуудын халуун ус, дулааны систем нь төвлөрсөн биш учраас нэг байшингийн ойролцоох шугамыг солих шаардлагатай бол тэр байрны халуун усыг тэрүүхэнд нь хааж, цахилгаан халаагчаар хүйтэн усыг нь халаадаг байна. Харин Улаанбаатарт дүүрэг, бүсээр нь зөвхөн дулааны улиралд хязгаарлалт хийхгүй бол болохгүй.
Улирлаас гадна улсын төсвийн санхүүжилтээс хамаарч улиг болсон засварын ажил нь жил бүр зун, намар дамждаг. Гэхдээ энэ нь инженер, техникч, ажилчдын буруу биш. Хэрэв улсаас иргэдээ бодож шийдвэр гаргаж, гаргалгаа боловсруулдаг бол жилээс жилд өсөх хүн амын тоогоо бодсон ч дулааны магистраль шугамын өргөтгөл, засвар шинэчлэлтэд хүйтрэхээс өмнө анхаарах байсан. Харамсалтай нь дэлхийд цөөхөн хүнтэй ч улсдаа их бөөгнөрөлтэй суурин газарт тооцогддог нийслэл хотод дулааны шугамын засварын ажлыг зун л нэг санаад мартдаг.
ХӨЛДӨХИЙН ДОХИО ӨГСНИЙГ САЛБАРЫН САЙД НЬ ҮГҮЙСГЭВ
Өнгөрсөн долоо хоногт болсон эд хүйтрэл эрчим хүч, дулааны салбарын давсан хамгийн том шалгуур байсан гэдгийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн онцолсон. Тиймээс иргэд эрчим хүч тасалдаж байна, дулаан хангалтгүй байна гэж хэт санаа чилээхгүй байхыг хүссэн. Мөн тэрбээр, хот хөлдөх эрсдэлтэй, лаа шүдэнзээ бэлдэх хэрэгтэй гэдэг туйлшрал. Салбарын ажилчид өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангаж, системүүдийг бэлэн байдлыг ч хянаж байгаа.
Гэхдээ асуудал байхгүй, эрсдэлгүй гэж тайвширч болохгүй. Иргэд өөрсдөө хэмнэж, цахилгаан болон халаалтаа хэрэглээндээ тохируулж багасгах боломжтой.
Ингэснээр ирэх саруудад үүсэх эрсдэлээс сэргийлж чадна гэсэн юм. Ямартай ч өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад энэ жил нийслэлийн айл, өрх нэмэгдсэн ч дулааны хангамж муудаагүй, хот хөлдөхгүй гэдгийг албаныхан хэллээ. Харин иргэд албан байгууллага, орон сууцны халаалт аль аль нь буурсан гэдгийг дуу нэгтэй хэлж байна. Тиймээс хэрэв дулаантай холбоотой ямар нэгэн гомдол санал байвал дуудлагын төвийн 7004-7005 утсанд хандах боломжтой аж.
Холбоотой мэдээ