Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2022.12.06/ сонгуулийн тогтолцооноос болж парламентын чадамж муудаж байгаа талаар мэдээлсэн. Тиймээс Ерөнхий сайдын тогтолцооны шинэчлэлийг хийх ёстой гэсэн асуудлаар улстөрчдийн байр суурийг сонслоо.
ТОГТОЛЦООГ ӨӨРЧЛӨХИЙГ ДЭМЖИНЭ
УИХ-ын гишүүн Ц.ТУВААН:
-Ерөнхий сайдын өглөөний мэдээллийг сонссон. Тэрний дараа АН-ын бүлгийн дарга руу холбогдсон. Цагаа товлоод энэ асуудлаар уулзана. Мэдээж улс орны байдал ийм түвшинд хүрч буй учраас улстөрчид уулзаж, хамгийн зөв шийдлийг гаргах шаардлага үүссэн. 2019 онд батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хийгдээгүй, орхигдсон хэд хэдэн асуудал бий. Түүний нэг нь тогтолцоо юм. УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн тогтолцоо холимог байх уу, мажоритари, пропорциональ байх уу, Ерөнхийлөгчийг хаанаас сонгох уу гэх мэт шийдээгүй асуудал үлдсэн. АН сонгуулийн тогтолцоог өөрчлөхөд дэмжинэ. Энэ бол манай баримталдаг зарчим. Өнөөдрийн алдаа завхралууд тогтолцоо буюу УИХ-ын гишүүдийг хэрхэн сонгодог вэ гэдэг хуулиас болоод буй гэж АН-ын хувьд үздэг. Малчид, тариаланчид, эрдэмтэн багш нарын төлөөлөл хаана байна вэ. Тэд нарт парламентад орох ямар ч боломж үлдээгүй. Өөрөөр хэлбэл өөрсдөө санхүүжүүлээд улс төр хийх ямар боломж байхгүй. Тиймээс салбар бүрийн төлөөлөл, эрдэмтдээ парламентад оруулж ирэх орон зай нь пропорциональ тогтолцоонд оршдог. Тиймээс тогтолцоог дэмжинэ. Үндсэн хуульд яригддаг УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх талаар бид ярилцана гэж бодож байна. Гэхдээ хүн амын өсөлт идэвхтэй байгаа учир нэг гишүүний төлөөлөх иргэдийн тоо үнэндээ их байна. Миний хувьд Төв аймгаас сонгогдсон. Манай аймаг 27 сумтай. Сумдаар ороод тайлангаа тавиад явахад хоёр сар хагасын хугацаа зарцуулдаг. Тэгэхээр гишүүдийн тоог нэмэгдүүлэхийг хувь хүний байр сууринаас дэмждэг. Эрх баригчдын зүгээс сөрөг хүчнийг төрийн институтийг ашиглаж хуваах, хүчгүй болгох процесс явсан. Сөрөг хүчингүй байдлын гор өнөөдөр гарч байна.
ПАРЛАМЕНТ ХОЁР ТАНХИМТАЙ БАЙЖ НЭГНЭЭ ХЯНАХ ТОГТОЛЦОО БҮРДЭНЭ
МАН-ын гишүүн Н.ЭНХБАЯР:
-Үндсэн хуулийг тогтолцоо талаас нь засах хэрэгтэй. Тогтолцоог өөрчлөөд ард түмэн төвтэй, нийгмийн харилцаа руу шилжиж, хүний эрхийг илүүд тавьж, ард түмний сонголтыг хүндэтгэж, ард түмний сонголтод тогтсон төр засаг байгуулагдаж, эрх зүйн чадамжтай Засгийн газар байгуулагдаж, парламент хоёр танхимтай болох нь зөв. Яагаад хоёр танхимтай болох ёстой вэ гэхээр АНУ-ын Үндсэн хуулийг тухайн үед боловсруулж байсан судлаач, улстөрчид хэлэхдээ “парламент бол хүссэн хүсээгүй ард түмнээс сонгогдсон төлөөлөл байдаг учраас хүчтэй болдог”-ийг хэлдэг. Гэхдээ парламентыг хянаж чаддаггүй. Парламентыг хянаж чаддаггүй учраас утгагүй шийдвэр гаргах аюул нүүрлэдэг. Тиймээс хоёр танхим байгуулж хоорондоо нэгнээ хянадаг болговол парламент өөрийгөө хянах чадвартай болдог. Хоёр танхимтай байж парламент хариуцлага хүлээдэг, ард түмнийхээ өмнө хариуцлага хүлээдэг, парламентын гишүүн хариуцлага хүлээдэг тогтолцоо байдаг. Тэр утгаараа Ерөнхий сайд тогтолцоогоо өөрчилье гэж байгаа бол хоёр танхимттай болж, нэг нь Засгийн газраа байгуулж нөгөөх нь баталсан хуулиа хянадаг, засдаг өөрчилдөг, хууль батлахдаа хоорондоо зөвшилцдөг тогтолцоо руу шилжих нь зөв болов уу.
НҮҮРСНИЙ ХУЛГАЙ ЯРИГДАЖ БАЙХАД АНХААРЛЫГ ӨӨР ТИЙШ НЬ САРНИУЛАХ ХЭРЭГГҮЙ
УИХ-ын гишүүн О.ЦОГТГЭРЭЛ:
-Ерөнхий сайдын мэдээллийг сонссон. Тогтолцооны өөрчлөлт, парламентыг төгөлдөршүүлэх нь АН-ын түүхэн байр суурь байсаар ирсэн. Гэхдээ өнөөдөр болж буй үйл явдал, нүүрсний хулгай, улсын төсвөөс давсан мөнгөний хулгайн асуудал яригдаж байхад анхаарлыг өөр тийш нь сарниулахыг зөвшөөрөхгүй. Нүүрсний хулгайчдад хариуцлага тооцох ёстой. Парламентын ардчиллыг төлөвшүүлэхтэй холбоотой асуудал хоёр тусдаа. Шууд парламентын ардчиллыг өөрчлөх, гишүүдийн тоог нэмэх, Үндсэн хууль өөрчлөх гэх мэт асуудал руу орох нь цаг хугацааны хувьд зөв үү гэдэгт эргэлзэж байна.
Холбоотой мэдээ