Өмнөд Солонгос мөнгө цацаад ч төрөлтийг нэмэгдүүлж чадахгүй байна

Хуучирсан мэдээ: 2022.12.07-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгос мөнгө цацаад ч төрөлтийг нэмэгдүүлж чадахгүй байна

Өмнөд Солонгос мөнгө цацаад ч төрөлтийг нэмэгдүүлж чадахгүй байна

Өмнөд Солонгос улсад төрөлт хамгийн доод хэмжээнд хүрчээ. Өнгөрсөн сард гаргасан статистикаар Өмнөд Солонгосын нийт  эмэгтэйчүүдийн хүүхэдтэй болох тоо нь дунджаар 0.79 болж буурсан байна. Хүн амын тоог тогтвортой барихын тулд энэ үзүүлэлт 2.1 байх ёстой байдаг аж. Бусад хөгжингүй орнуудад энэ үзүүлэлт буурч байгаа ч  харьцуулахад Өмнөд Солонгост арай дээр байгаа юм. Тухайлбал, АНУ-д эмэгтэйчүүдийн хүүхэдтэй болох дундаж тоо нь 1.6 байгаа бол Японд 1.3 байна.

Төрөлт буурч байгаа нь хүн амын насжилт нэмэгдэж буй Өмнөд Солонгост ажиллах хүчний хомсдол үүсгэхийн зэрэгцээ тэтгэврийн системийн хямралд хөтөлж байна. Залуусыг гэр бүл зохиож, үр хүүхэдтэй болохоос хойш татаж буй асуудлаар голдуу эдийн засгийн хүчин зүйлсийг нэрлэдэг. Тухайлбал, үл хөдлөх хөрөнгийн үнэ өссөн, боловсролын өртөг өндөр, эдийн засгийн хямралаас эмээх зэрэг нь залууст тулгамдсан асуудал. Гэтэл Өмнөд Солонгосын засгийн газраас залуусын эдийн засгийн хөшүүргийг нь шийдвэрлэхийн оронд мөнгө цацаж буй нь шийдэл биш гэдгийг шүүмжилж байна. Шүүмжлэгчдийн үзэж буйгаар төрөлт буурах нь эдийн засгийн хямралаас ч гүнзгийрсэн асуудал бөгөөд үүнийг шийдвэрлэхийн тулд арга барилаа өөрчлөх хэрэгтэй гэнэ.

МӨНГӨ ЦАЦААД АСУУДЛЫГ ШИЙДЭХГҮЙ

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл өнгөрсөн есдүгээр сард хүүхдийн цэцэрлэгт айчлахдаа хэлсэн үгэндээ, Засгийн газар өнгөрсөн 16 жилийн хугацаанд хүн амын өсөлтийг нэмэгдүүлэхийн тулд 200 тэрбум гаруй ам.долларыг зарцуулсныг хүлээн зөвшөөрсөн. Өнгөрсөн тавдугаар сард Хөх ордны тэргүүнээр тангараг өргөснөөсөө хойш тэрбээр асуудлыг шийдэх хэд хэдэн санааг дэвшүүлсэн байна. Шинээр төрсөн хүүхдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ амласны зэрэгцээ тусгай комиссыг байгуулж, асуудлыг хэлэлцүүлж байгаа аж. Тухайлбал, ирэх 2023 оноос нэг хүртэлх насны хүүхдүүдэд сар бүр олгодог тэтгэмжийг 300 мянгаас 700 мянган вон болгож нэмэгдүүлэхээр төлөвлөсөн бөгөөд 2024 оноос үүнийг нэг сая вонд хүргэх гэнэ. Ингэснээр Юн Сок Ёл энэ асуудлыг өмнөх үеийнхээс илүү сайн шийдэж чадахгүй гэсэн эргэлзээг болхи мессеж нь  л улам батжуулав. 

Мөн тэрбээр хүүхдийн цэцэрлэгт зочлох үеэрээ  нялх, балчир хүүхдүүдийг эцэг, эхчүүд гэртээ хардаггүйд гайхаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд зургаан сартай хүүхэд алхаж сурсан байдаг гэж хэлсэн. Үүгээрээ тэрбээр хүүхэд өсгөж, хүмүүжүүлэх асуудлаас хэт хол хөндий хүн гэдгээ баталсан аж. 

Хүүхдийг насан туршид нь өсч, хөгжих эдийн засаг, санхүүгийн таатай орчныг нь шийдэж өгөхийн оронд мөнгөн цацах арга хэрэгэлэж байгаа нь хэт туйлшрал гэж шүүмжилжээ.

ЭДИЙН ЗАСГААС ГАДНА НИЙГМИЙГ ӨӨРЧЛӨХ ШААРДЛАГАТАЙ

Сарын дараа хоёр дахь хүүхдээ төрүүлэх гэж буй Ким Мин Жон гэгч бүсгүй хэлэхдээ, "Засгийн газар хүүхдийн мөнгөн тэтгэмжүүдийн нэрийг сольж, нэгтгэсэн боловч энэ нь эцэг, эхчүүдэд бодит дэмжлэг болдоггүй" гэв. Тухайлбал, тэрбээр анхны хүүхдээ төрүүлсэн цагаас хойш ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон бөгөөд ганц нөхрийнх нь цалингаар хүүхдийн асаргаа, боловсролын асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэжээ. Төрөөс санхүүжилттэйгээр цэцэрлэгүүдийг байгуулж, үнэгүй элсүүлэх болсон ч нярай хүүхдийн асаргаатай холбоотой янз бүрийн дуулиан гарснаар эцэг эхчүүдийг айлгачихсан аж. Хэдийгээр эцэг эхчүүдийг сэрд хийлгэсэн хэргийн тоо харьцангуй бага боловч цэцэрлэгийн хяналтын камерын бичлэгт тэд эмзэг ханддаг.

Түүнчлэн залуусыг ирээдүйд эцэг эх болоход саад болж буй асуудал нь эдийн засгийн гэхээсээ илүү нийгмийн шинж чанартай, их хэмжээний мөнгө цацсан ч шийдвэрлэх боломжгүй аж. Эдгээрийн нэг нь эцэг, эх болохтой холбоотой бичигдээгүй хуулиуд, уламжлалт зан үйлүүд гэж үзэж байна. Өмнөд Солонгост хүүхэдтэй болох нь өндөр зардалтайгаас гадна нийгэм нь ганц бие эцэг, эхийг хүлээж авч чадахгүй байсаар. Тухайлбал, үр шилжүүлэн суулгах ажилбарыг нөхөргүй эмэгтэйд санал болгодоггүй гэж албаны хүн мэдэгджээ.

Хуульч Чо Хи Гён нийгмийн асуудлыг хөндөн бичдэг нэгэн сонинд ярихдаа, "Манай нийгэм ганц бие эмэгтэйг хөл хүнд болохыг гэр бүлээс гадуур харилцаатай бараг ижилтгэн авч үздэг. Яагаад хүүхэд өсгөхөд гэрлэлт зайлшгүй шаардлагатай юм бэ?" гэсэн байна. Үүний зэрэгцээ тус улсад уламжлалт бус харилцаатай хосууд Өмнөд Солонгост ялгаварлан гадуурхалтад өртдөг бөгөөд гэрлээгүй хосууд, ижил хүйстнүүд хүүхэд үрчилж авахад хүндрэлтэй байдаг гэв.

Залуу үе гэрлэхгүй, хүүхэдгүй амьдрах хэв маягийг сонгож буй талаар ном бичсэн И Жин Сун зохиолч ярихдаа, "Хөгшчүүд залуусыг 25 хүрээд хүнтэй суугаагүй бол хүн биш мэтээр харилцаж, яаруулж, дарамтлах нь улам гэр бүл, хүүхдээс зайлсхийх хандлагыг суулгадаг" гэв.

Мөн нийгэм ганц бие хүмүүсийг, ялангуяа эмэгтэйчүүдийг гэр бүл зохиож, хүүхэдтэй болоогүй бол хувиа хичээсэн гэж үзэж буруутгах хандлагатай байдаг аж. Тэднийг "зөвхөн өөрсдийн аз жаргалын төлөө нийгмийн өмнө хүлээсэн үүргээ умартаж байна" гэж буруутгадаг байна. Нөгөө талаар сүүлийн 10 жилд хүүхэд өсгөх, боловсрол эзэмшүүлэх зардал маш их нэмэгдсэн бөгөөд эмэгтэйчүүд голдуу өөрийгөө золиосолдог учир гэр бүлтэй болж, хүүхэд төрүүлэх дарамтаас эмэгтэйчүүд зайлсхийх болсон гэнэ. Гэр бүл зохиож, хүүхэд төрүүлэхгүйгээр аз жаргалтай амьдрах арга замыг тэд эрэлхийлэх болжээ.

Үүний зэрэгцээ, хүүхэд өсгөн хүмүүжүүлэх ажилд илүү оролцох хүсэлтэй нөхрүүдийг Өмнөд Солонгосын бизнесийн соёл тэр бүр зөвшөөрдөггүй. Цаасан дээр шинэ төрсөн хүүхэдтэй эцгийн амралтын хоногийг нэмэгдүүлсэн боловч бүтэн авдаг залуус цөөн. Бага хүүхэдтэй эцэг, эхчүүдийг ажиллахад харж үзсэн дэмжлэг ажлын талбарт огт байдаггүй гэж хоёр дахь хүүхдээ хүлээж буй эцэг Пак Гён Су ярьжээ. Гэр бүлээ тэргүүнд тавьсан эрэгтэйчүүдийн хувьд ажилдаа албан тушаал дэвших боломж байдаггүй гэв. Гэтэл 3-5 насны хоёр хүүтэй И Сэ Ын гэгч бүсгүй ярихдаа, энэ насны хүүхдүүдийг өсгөхөд эцгийн тусламж зайлшгүй хэрэгтэй байдаг гэжээ. Тиймээс ядахдаа бага насны хүүхэдтэй эцгүүдийг илүү цагаар, амралтын өдрөөр ажиллуулахгүй байх хуулийн зохицуулалт шаардлагатай гэв. Өмнөд Солонгост ажлын цаг дууссан ч оффисын ажил үргэлжилсээр байдаг бөгөөд "багаар ажиллах соёл" нь эцэг, эхчүүдийг туйлдуулдаг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж