Сайд З.Мэндсайхан Турк улсын элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2022.05.13-нд нийтлэгдсэн

Сайд З.Мэндсайхан Турк улсын элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешыг хүлээн авч уулзан хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцлаа. 

Уулзалтын эхэнд Сайд З.Мэндсайхан Турк улсын элчин сайдыг хүлээн авч уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын талаар мэдээлэл өгөв. Тус салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 31,2 хувийг хангаж, ажиллах хүчний 53,9 хувийг эзэлдэг. Монгол Улсын нийт газар нутгийн 73,5 хувь нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар юм.

Манай улс мал аж ахуйн салбараас жилд дунджаар 38.5 мянган тонн  хонь, тэмээний ноос, 10 мянган тонн ямааны ноолуур бэлтгэж дэлхийн ноолуурын нөөц, нийлүүлэлтийн 40 орчим хувийг дангаар эзэлж байна. Мөн арьс ширэн түүхий эдийн хувьд жилд 25 сая ширхэг арьс шир бэлтгэж, 700 мянга гаруй ширхэг бод малын шир, 13 сая ширхэг бог малын арьс жил бүр тогтмол экспортлох нөөц боломжтой. Тиймээс ноос ноолуур, арьс шир, малын гаралтай дайвар бүтээгдэхүүнийг боловсруулах чиглэлээр Турк улстай хамтран ажиллах саналтай байгаагаа Сайд З.Мэндсайхан илэрхийллээ.

Мөн Турк улс нь малын вакцин үйлдвэрлэлээр туршлагатай учраас мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах, “Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах удирдах хороо”-г нэн даруй байгуулж, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх, Монгол Туркийн хамтарсан мал аж ахуй, газар тариалангийн практик сургалтын төвийг байгуулах зэрэг саналуудыг дэвшүүлсэн юм.

Турк улсын Элчин сайд Зафер Атеш дээрх саналуудыг дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлээд ялангуяа сургалтын академи байгуулах, Турк улс руу Монголоос мах импортлох, Турк улс руу гаргаж буй арьс ширний хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд онцгойлон ач холбогдол өгч байгаагаа хэллээ.

Уулзалтын төгсгөлд Турк болон Монголын арьс ширний салбарын аж ахуйн нэгжүүдийг хооронд нь шуурхай холбож өгөхөөр хоёр тал тохиролцов. Мөн хоёр улсын хамтарсан малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэр барьж байгуулахад хууль эрх зүйн хувьд дэмжиж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа Сайд З.Мэндсайхан илэрхийллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж