Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийг хэрэгжүүлэх тухай Хамтын ажиллагааны санамж бичгийг Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн яам (ХХХААЯ) хооронд байгуулсан. Тус санамж бичигт ХБНГУ-ын Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн яамыг төлөөлж Парламентын Төрийн нарийн бичгийн дарга 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Берлин хотноо, ХХААХҮЯ-ыг төлөөлж Дэд сайд 2022 оны 03 дугаар сарын 29-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурснаар “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн 4-р үе шатыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болсон.
Төслийн 4-р үе шатны Удирдах хорооны хурлыг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулж, төслийн 4-р үе шатыг хэрэгжүүлэх тухай хэлэлцээрт Монгол Улсын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Герман улсын талаас төслийг хэрэгжүүлэгч “ГФА Консалтинг групп” ХХК-ийн Төслийн менежер гарын үсэг зурлаа.
“ТОГТВОРТОЙ ХӨДӨӨ АЖ АХУЙ” ТӨСӨЛ
Уг төслийг 2013 оноос эхлэн дөрвөн үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Төслийн зорилго нь Монгол Улс, ХБНГУ хоорондын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг тогтвортой хөдөө аж ахуйн сэдвүүдээр эрчимжүүлэх бөгөөд зөвлөх үйлчилгээ, сургалт семинар, судалгаа шинжилгээний ажлууд болон бодлогын зөвлөмжүүдээрээ дамжуулан МУ-ын хөдөө аж ахуйн салбарын тогтвортой байдлыг хөхиүлэн дэмжиж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулах юм.
Төслийн 4-р үе шат: 2024 оны 12-р сар хүртэл үргэлжлэх бөгөөд a) Хөдөө аж ахуйн зохистой дадал b) уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, тогтвортой тариалангийн технологийг нэвтрүүлэх c) Монгол Улсад хөдөө аж ахуйн зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх гэсэн гурван үндсэн чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон.
Холбоотой мэдээ