Камчаткын хойг болон Японы хооронд сунаж тогтсон Курилын арал дээр ОХУ эргийн хамгаалалтын хөдөлгөөнт пуужингийн системээ байрлуулжээ. Курилын арлуудыг Зөвлөлтийн цэргүүд Японоос булаан авсан бөгөөд дэлхийн хоёрдугаар дайнаас хойш маргаантай нутаг дэвсгэр гэж нэрлэгдэж буй.
500 км хүртэл тусгалтай “Бастион” пуужингийн системийг Курилын арлуудын хойд хэсэгт орших Парамушир арал дээр байрлуулсан гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам өчигдөр /2022.12.05/ мэдэгдлээ. Тус яамнаас мэдээлснээр Парамуширт цэргийн хуаран байгуулах ба албан хаагчид тэнд бүтэн жилийн турш байрлаж, ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх аж. Номхон далайн флотын эргийн хамгаалалтын алба хаагчид зэргэлдээх усан бүс болон далайн давалгааны бүсэд өдрийн цагаар хяналт тавина.
ОХУ нэг жилийн өмнө Курилын нурууны төв хэсэгт орших Матуа арал дээр “Бастион” системийг суурилуулсан. “Москва ийнхүү Курилын арлуудыг цэрэгжүүлж байгаа нь Орос, Японы ирээдүйн харилцаанд хор хөнөөлтэй. Бүс нутаг дахь Оросын үйл ажиллагаатай холбоотой зөвлөлдөх уулзалтаа АНУ ба Япон улам эрчимжүүлэх ёстой” гэж Стратегийн олон улсын судалгааны төвөөс мэдэгджээ.
Эх сурвалж: REUTERS