ХНХЯ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас “Эх орондоо хөдөлмөрлөх боломж-2022” өдөрлөг зохион байгуулж, 841 хүнийг ажилд зуучиллаа. Өдөрлөгийн үеэр 4104 ажлын байрыг санал болгож, ажил хайгчаар 2960 иргэн бүртгүүлж, 272 иргэн ажлын ярилцлагад хамрагдан, 1619 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 20,9 сая төгрөгийн борлуулалт хийжээ. Иргэд хөдөлмөр эрхлэлтийн цахим систем И-Жоб платформтой танилцаж, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээлэл өгөх, гадаадад ажиллах хүч гаргах талаар мэдээлэл авчээ. Өдөрлөгт салбаруудын төлөөллийг урьж, хэлэлцүүлэг зохион байгуулж, ажил хайгч иргэдэд тулгамдаж буй асуудлыг сонслоо. Мөн Монголд үйл ажиллагаа явуулдаг БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын Монгол дахь салбар “И Пи Эс” төвийнхөн мэдээлэл өгч, гадаадад ажиллаж байгаад ирсэн залуус Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сайн жишгийнхээ талаар туршлага хуваалцжээ.
Нийгмийн олон талын оролцоонд тулгуурлан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийн бодлого, үйлчилгээг таниулах, технологийн болон менежментийн шинэчлэлийг хэлэлцэх, гарсан санал зөвлөмжийг холбогдох газар хүргэх зорилго бүхий тус өдөрлөгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ судалгааны институт, Нийслэлийн Хөдөлмөр,халамжийн газар, НҮБ-ын олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, нийслэлийн 9 дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс зэрэг төр, хувийн хэвшлийн 70 гаруй байгууллага оролцсон аж.