Сангийн сайд Б.Жавхлан бондын өр төлбөртэй холбоотой асуудлаар Засгийн газрын мэдээллийн танхимд мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ, "Одоогоос яг 10 жилийн өмнө буюу 2012 оны арованхоёрдугаар сарын 5-нд Монгол Улсын Засгийн газар 90 оноос хойш анх удаа олон улсын хөрөнгийн хоёрдогч зах зээл дээр Засгийн газрын кодтой арилжааны бонд арилжаалж эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, 1990-2012 онд хөгжлийн хамтрагч Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг байгууллагуудаас хөнгөлөлттэй 25-30 жилийн урт хугацааны хөгжлийн зээлүүдийг авч, төсөвтөө хэрэглэж байсан байдаг.
Монгол Улсын гадаад өр зээлийн хувьд 2012 оноос цоо шинэ хуудас нээгдсэн гэсэн үг.
Төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх зорилготой, Засгийн газрын гаргасан өнөөдрийг хүртэлх цорын ганц бонд болох, Их Эзэн Чингис хааны нэртэй "Чингис" бонд. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж, Сангийн яам, Сангийн сайдад төлөх эрхийг олгосноор бид олон улсын санхүүгийн зах зээл дээр хүлээсэн үүргийнхээ дагуу төлбөрийн хариуцлагаа цаг хугацаанд нь буюу эцсийн төлбөр болох 136 сая ам.долларыг өчигдөр (2022.12.05) төлж, бүрэн барагдуулж дууслаа. Энэ бол Засгийн газраас олон улсын хөрөнгийн зах зээл дээр гаргасан бондуудаа цаг хугацаанд нь, маш хариуцлагатайгаар бүх хүү үндсэн зээлийн хамт төлж ирж, мөн УИХ-аас Засгийнгазарт өгч байсан үүрэг, дунд хугацааны гадаад өрийн стратегийн хүрээнд үе үеийн Засгийн газрууд үүргээ ягштал биелүүлж ирсний нэг жишээ болж байгаа юм.
Гадна талд бид Ардчилсан намын Засгийн газар, Ардын намын Засгийн газар, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар, Н.Алтанхуягийн Засгийн газар гэж яригдахгүй. Монгол Улсын Засгийн газар л гэж яригдана. "Чингис" бонд олон улсын хөрөнгийн зах зээл дээр Монгол Улсын Засгийн газар гэсэн кодтой. Тийм учраас бид ямар ч тохиолдолд, ямар ч хүнд нөхцөлд, зээлийн ашиглалтын чанар ямар ч түвшинд байсан гэсэн үүнээс үл шалтгаалж, үл хамаарч гадна талдаа төлбөрөө 100 хувь хийгээд явах ёстой. Эс тэгвээс Монгол Улсын Засгийн газар дефолт болох том эрсдэл байдаг. Энэ үүргийнхээ хүрээнд, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар цаг хугацаа нь таарч буй гадаад өр төлбөрүүдийг цаг хугацаанд нь хийж байгаа юм.
Тухайлбал, бид нэг жилийн өмнө "Century" бондын төсөл хэрэгжүүлсэн. Эндээс бид 600 сая ам.долларыг 5.1 хувийн хүүтэй байсан Чингис бондын хэсгийг 3.5 хувийн хүүтэй, 10 жилийн хугацаатай болгож, төсвийн дарамтыг нь хойш нь жигдэлж өгсөн байгаа юм. Хэрвээ "Century" бонд гараагүй бол энэ жил Монгол Улсын ьвалютын нөөц дээр бид 1 тэрбум долларын дарамт авах байсан. Түүнийг бид урьдчилан тооцоолж, жилийн өмнө урьдчилсан арга хэмжээ авч чадсан учраас энэ жилийн гадаад өрийн дарамт тэр хэмжээгээр буурсан.
Хэдий энэ бондыг бүрэн төлсөн ч бидэнд дотоодод ярих асуудал бий. Бонд авснаас хойш зургаан сарын дараа л дамжуулан зээлийг банкуудаар олгож эхэлсэн. Энэ хугацаанд бондын хүүг тооцож байсан. Нийт бондын 63 хувийг төсвийн шинжтэй төслүүдэд хуваарилсан. Тэгэхээр эдгээр төслийн санхүүжилтийг улсын төсвөөс төлнө гэсэн үг. Татвар төлөгчдөд энэ ачааг үүрүүлэх ёсгүй. Ингэснээр эдгээр төлбөрийг Засгийн газар төлөх үүрэг хүлээнэ. Зүй нь бондоос зээл авсан төслүүдийн үр өгөөжөөс бондын төлбөрийг эргүүлэн төлөх ёстой байв. Чингис бондыг арван жилийн хугацаатай авсан тул богино хугацаатай, бизнесийн төслийг илүү санхүүжүүлэх учиртай байсан.
Бид нийт 540 сая ам.долларын хүү төлсөн, мөн зохицуулалтын арга хэмжээнүүд авсан. Бид эхлээд төслүүдээ бэлдсэний дараа бондоо босгох байв. Тухайн үед энэ бонд манай төгрөгийн ханшид эерэг нөлөө үзүүлсэн нь үнэн. Гэвч Хөгжлийн банкнаас энэ бондын хөрөнгөөр олгосон зээлүүдийн дийлэнх нь чанаргүй болсон. УИХ Засгийн газарт цаашид дахин Чингис бонд шиг өндөр хүүтэй бонд авахгүй байх үүрэг өгсөн. Энэ онд барагдуулах хуваарьтай гадаад төлбөрөө бид цагт нь хийлээ.
"Century" бондын төлбөрийг хойшлуулсан тул энэ онд Засгийн газрын гадаад өрийн дарамт ихээхэн буурсан. Ирэх оны яг өдийд бид "Самурай" бондыг төлнө. 30 тэрбум иенийг бид урьдчилан худалдаж авч, хуримтлуулсан. Эргэн төлөгдөх үед нийт 225 сая ам.долларыг энэ бондод төлнө. Иений болон төгрөгийн ханш үүнд нөлөөлсөн.
Ирэх онд нийт 2.2 тэрбум ам.долларын гадаад зээл төлнө.
Засгийн газрын зээлжих зэрэглэл энэ оны хавар болон намар хийсэн аудитын дараа ч В тогтвортой хэвээр байна. Зэрэглэлийг олон улсын агентлагууд гаргадаг. В тогтвортой гэсэн үнэлгээг бид ирэх онд ч хадгалж, хувийн хэвшлийн гаргах бондуудад эерэг нөлөө үзүүлэхээр зорьж байна. Бид бондоо цагт нь төлөх нь Засгийн газрын нэр хүндтэй шууд холбоотой" гэв.
Засгийн газар "Чингис" бондоос хойш нийт зургаан бондыг олон улсын хөрөнгө оруулагчдад худалдаад буй юм.
Холбоотой мэдээ