Галын 435 зөрчил илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.25-нд нийтлэгдсэн

Галын 435 зөрчил илрүүлжээ

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга, Онцгой байдлын ерөнхий газрын даргын хамтран баталсан “Их, дээд сургууль, коллеж, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хүүхдийн байгууллагуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх тухай” удирдамжийн дагуу нэгдсэн шалгалт хийж эхэлжээ.  Нийслэлийн Онцгой байдлын газраас ажлын хэсэг томилогдон дүүргүүдийн онцгой байдлын улсын байцаагчидтай хамт  уг шалгалтыг хийж байгаа аж.  Шалгалтаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж  байгаа боловсролын байгууллагуудад Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, норм, стандартын хэрэгжилт ямар байгааг шалгаж байна. Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын баталсан удирдамжийн дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын дүүрэг хариуцсан Гамшгийн болон Гал түймрийн улсын хяналтын байцаагч нарын хамтарсан шалгалт үргэлжилж байна. Өчигдрийн байдлаар нийт 76 объектод гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг хийж, 435 зөрчил илрүүлэн, газар дээр нь 78 зөрчлийг засуулан, заавал биелүүлэх албан шаардлага 11, мэдэгдэл тавыг бичиж холбогдох албан тушаалтанд танилцуулжээ. Уг шалгалт маргааш дуусч нэгдсэн дүнгээ гаргах юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж