Ичгүүргүй эрх мэдэлтнүүд

Хуучирсан мэдээ: 2022.12.06-нд нийтлэгдсэн

Ичгүүргүй эрх мэдэлтнүүд

Ичгүүргүй эрх мэдэлтнүүд

Залуус жагсав. Хөөрсөн залуус бие биесээ дөгөөж, улам олуулаа болсоор Төрийн ордон руу дайрав. Төрийн тусгай хамгаалалт, цагдаагийнхан дотор талаас, бухимдсан залуус гадна талаас нь ээлжилт татан холхиулсаар хашааг нь унагаав. Тодорхой санаанд яг таг нэгдээгүй ч, ажлын байр хомсдож, цалингаараа амьдралаа залгуулах боломж улам бүр хомс болж, төгрөгийн ханшийн уналт, үнийн өсөлт, төрийн данхайлт, иргэдийн цөхрөл хэрээс хэтрээд байгаад тэд бухимджээ.

Жагсаалыг аажмаар сааруулж, дунд нь өөрсдийн гар хөлөө оруулах зорилгыг нь замхруулж, зорьсноос хазайлгадаг улстөрчид энэ удаад ч увайгүй үйлдлээсээ ухраагүй бололтой. Залуусын дунд мансууруулах бодис хэрэглэсэн этгээд хүртэл байсан талаар Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга мэдэгдээд амжсан.

Сунайсан зургаан жилийн хугацаанд бурууг өмнөх эрх баригчид руугаа чихэж, төрийн албыг наймаалцах төлөвлөгөө боловсруулж, элдэв сангуудыг эрх мэдэл, мэдээлэлд ойр байдлаа ашиглан цөлмөж ирсэн тэднийг монголчууд өнөөг хүртэл хүлцэж ирсэн нь үнэн.

Иргэд зөв зохистой шаардлага тавих тоолонд ямар нэгэн заль гаргаж, өөрийг нь харлуулж, олон нийтийн сүлжээгээр ганцхан өнцгөөс бичсэн бичлэг тараан хараан зүхүүлж дадсан тэд энэ удаад ч зүгээр суусангүй.

Асуудлыг шийдэж, гарц гаргалгаа гаргаж, иргэдийнхээ амьдрал, улс орныхоо эрх ашгийг хамгаалж, өөд нь татдаггүй юм гэхэд нэмж өрөнд унагахгүй байх ёстой эрх баригчид жагсаал хийх хугацаанд дорвитой мэдэгдэл хийсэнгүй. Түүгээр ч үл барам Хууль зүй, дотоод хэргийн сайдын гаргасан Онц байдал зарлуулах санал асуудлыг муйхраар шийдэх гэсний тод жишээ болов.

Монголчуудын түүхэнд хар толбо үлдээсэн 2008 оны долдугаар сарын 1-нд гарч ирэхийг шаардсаар байтал гүрийж, ямар нэгэн тайлбар хийхгүй  байсаар үйл явдлыг хурцатгаж, эцэст нь таван хүний халуун амь, хэдэн зуун залуусын эрүүл мэндийг хохироож санасандаа хүрсэн байдаг. Ганцхан цагийн өмнө жагсаал бүрэн хяналтад байгаа талаар мэдээлэл өгч байсан ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч “Хяналтаас гарлаа” гэснээр онц байдал зарлахад хүргэсэн нь хожмоо ил болсон. Гэтэл жагсагч тус бүрийг хоёр талаас нь сугадаад явахад хүрэлцэхүйц хүчийг цагдаа, дотоодын цэргээс бүрдүүлсэн байсан төдийгүй байдлыг улам бүр дэвэргэж, цагдаа иргэд хоёрын зөрчлийг гааруулах сонирхол байсан нь хожмоо хэнд ч ойлгомжтой болсон.

Ийм л байдал руу хөтлөхийг эрх мэдэлтнүүд өчигдөр санаархав. Хаалттай болсон УИХ-ын чуулганы хуралдаанд Хууль зүйн сайдын Онц байдал зарлахаар оруулсан санал, түүнийг нь хэлэлцсэн байдал нь өдгөө нууц хэвээр үлдэв.

Хамгийн хөгийн нь нийслэлийн Засаг дарга “Жагсаал, цуглааныг тараах тухай” А/1517 тоот захирамжаа гаргасан байсан бөгөөд хүчний байгууллагыг төвлөрүүлэн хүчээр жагсагчдыг тараахаар санаархсан явдал байв. Золоор залуус асуудлыг ухаарч, элдэв мөргөлдөөн гаргалгүй тарцгаав. Олон нийтээс оноо авахын тулд бодлого, судалгаагүй шийдвэр гаргаж, иргэдийг тандаад эсэргүүцвэл цуцалж ирсэн хотын дарга ч захирамжаа хүчингүй болгов.

Ичсэн хүн хүн ална гэгчээр гаргасан санал нь хууль бус байсныг баллах гэсэн үү, бүү мэд. Ямартай ч ҮАБЗ онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзсэн талаар хачин мэдээлэл тараагаад ам хамхив. Ийм байдлаа эрх баригчид үндэсний аюулгүй байдал ярьж, хэвлэлийнхнийг жагсаалыг шууд дамжуулахгүй байхыг уриалж, төв талбайд сүлжээ унагаах зэргээр элдэв үймээн гаргаж, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд хохирхоос болгоомжилж буй дүрд тоглов. Тийм тохиолдолд юу болдог вэ гэдгийг өнгөрсөн хугацаанд хангалттай харуулсан.

2008 онд Онц байдал тогтоох үеэр бүх хэвлэл мэдээллийг хааж, ганцхан МҮОНТ-ийг эфирийг ажиллуулахдаа ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгчийг томилон увайгүй залуус улс орныг сүйд хийх шахсан мэтээр тархи угаалт болсон. Гэтэл бодит байдал дээр жагсаалд оролцсон зургаар нь зуу зуун залуусыг канондсон ялын дүгнэлтээр зүйлчилж, эрүүдэн ял тулгасан байдаг.

Ийм муухай зүйлийг эрх мэдэлтнүүд хийхийг оролддог. Тиймээс эрх мэдэлтнүүдэд ингэх боломжийг нь бүү олго залуус аа. Тайван замаар тууштай шаардлагаа тавь!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж