Одоогоос 12 жилийн өмнө нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн мэдэлд шилжүүлж байв. Гэвч энэ шийдэл төдийлөн амжилт олоогүй. Тухайн үед нийслэлийн автозамын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тоо харьцангуй цөөн байсан бол одоо хоёр дахин нугарч 650 мянга гаруй болсон. Түгжрэл тэг зогсолтод хүрч, автозамууд ачааллаа дийлэхгүй болсон энэ үед нэмж зам барих, байгаагаа өргөсгөх боломж байхгүй. Тиймээс арга буюу дахин албадлагын арга хэмжээ рүү шилжсэн.
Хоёр жилийн өмнө түгжрэлийг анхаарахаас өөр аргагүйд хүрсэн нийслэл арга буюу нэгдүгээр эгнээгээр зорчсон тээврийн хэрэгслийг журмын дагуу торгож байлаа. Уг журам нь 2018 оны арваннэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн юм.
Гэвч хэрэгжилт нь хэвшээгүйгээс 2020 оноос торгуулийг тооцож байсан. Тус шинэ дүрмийн дагуу нийтийн тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгсэл баруун гар тийш эргэхээс бусад тохиолдолд нэгдүгээр эгнээгээр зорчихыг хориглосон. Хэрэв зөрчвөл Зөрчлийн тухайн хуулийн 50 дугаар заалтад зааснаар 20 мянган төгрөгөөр торгодог. Одоо ч энэ дүрэм үйлчилдэг. Гэхдээ хүмүүс камергүй замуудад нэгдүгээр эгнээгээр зорчсоор байгаа. Тиймээс шинэ шийдлийг олсон нь автозамуудын камераас гадна автобусны хяналтын хэрэгслээр нэгдүгээр эгнээгээр зорчигчдод хариуцлага тооцох. Удаа ч үгүй хотын дарга нь нийтийн тээврийн камержуулалт бүрэн ажилладаггүй, ойролцоох хэсгийг бичихгүй байгааг нийтэд зарлаж нэгдүгээр эгнээ дахин нийтийн мэдэлд шилжсэн. Энэ бүхнийг харгалзаж 2022 онд түгжрэлийг бууруулах гаргалгааг олохоор албаны хүмүүс хоёр удаа хуралдаж, 420 тэрбум төгрөгийн төсвөөр автобусуудыг нэмж, нэгдүгээр эгнээгээр нийтийн тээвэр зорчуулах шийдэлд хүрсэн.
Тодруулбал, өчигдрөөс эхэлж нэгдүгээр эгнээг чөлөөлж, төв зам буюу Офицероос 5 шар хүртэлх нэгдүгээр эгнээгээр автобус л зорчих боломжтой болсон.
Хэдийгээр шинэ биш шийдэл ч ажил орох, тарах үеэр түгжрэлийг бууруулах өөр ямар ч арга байхгүйг түгжрэл хариуцсан сайд Ж.Сүхбаатар онцолсон юм. Харин иргэд нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийг зорчуулж байгаа нь зөв хэдий ч зөвхөн төв замд хязгаарлалт тогтоосон нь өрөөсгөл гэдгийг цахим хуудастаа бичжээ. Тухайлбал, таван шарын автобусны буудал дээр 21 хороолол, Баянхошуу, Зүүн салаа зэрэг олон чиглэлийн автобус эргэлт хийдэг бөгөөд нэгдүгээр эгнээнд хязгаарлалт тогтоосонтой холбоотой тэг зогсолт үүсч байгаа аж.
Төвийн замуудад цагдаа нар зохицуулалт хийж байгаа ч эцсийн уулзвар дээр олон чиглэлийн нийтийн тээвэр зөрөлдөх ёстой байтал хувийн автомашины зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтосоонтой холбоотой эгнээ, урсгал нь тэг зогсч гэрэл дохио ч үйлчлэхгүй байгааг бичжээ. Тиймээс зөвхөн төв замын нэгдүгээр эгнээг чөлөөлсөн нь хангалтгүй. Хэрэв иргэд ухамсартай бол механик зохицуулалтгүйгээр нэгдүгээр эгнээг чөлөөлнө. Харамсалтай нь замын хөдөлгөөний нөхцөл байдлын зурган мэдээлэл цаг тутамд улаан байхад иргэд эгнээ сэлгэн зорчихоос өөр аргагүйг ч мөн хэлж байна.
Холбоотой мэдээ