76:1 Мэргэшсэн парламентч

Хуучирсан мэдээ: 2022.12.06-нд нийтлэгдсэн

76:1

76:1 Мэргэшсэн парламентч

76:1 Мэргэшсэн парламентч

NEWS агентлаг энэ удаагийн 76:1 буландаа УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрог буюу Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж, сонгогдсон Цэндийн Мөнх-Оргилыг танилцуулж байна.


ОХУ-ын Москва хот дахь Олон улсын харилцааны дээд сургуулийг хуульч, АНУ-ын Харвардын их сургуулийг олон улсын хуульч мэргэжлээр суралцан, магистр хамгаалсан Ц.Мөнх-Оргил гишүүнийг эзэмшсэн мэргэжлээрээ мэргэшиж ажиллаж байгаа парламентч гэж тодорхойлдог. УИХ-д гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа хууль тогтоогч юм.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Өмгөөллийн тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай, Иргэний бүртгэлийн тухай, Хөдөлмөрийн тухай хуулийн төслүүдийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж ажиллан, УИХ-аар батлуулжээ.

УИХ-аар хэлэлцэж байгаа хуулийн төсөл бүрт нягт нямбай хандаж, нийтийн эрх ашгийг хөндөж буй асуудалд байр сууриа илэрхийлж, засч залруулах оролдлогыг хийж ирсэн хууль тогтоогч. Хамгийн ойрын жишээ татвал, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнгөрсөн баасан гаригт Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн танилцуулгыг сонсох үеэр хамгийн шүүмжлэлтэй хандсан гишүүн Ц.Мөнх-Оргил байв.

Тэрбээр “Бид буруу хууль баталжээ. Нэг ч өдөр шүүгчээр ажиллаагүй хүнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр нэр дэвшээд ороод ирэх бололцоог бүрдүүлсэн байна. УИХ бурууг өөр дээрээ авах ёстой.  Б.Ганболд нь өмгөөлөгчөөр арван жил ч дагнан ажиллаагүй, багшилж байжээ. 2014 оноос хойш юу хийсэн нь тодорхойгүй. Бараг найман жил энэ хүн хаана, юу хийж явсан юм. 2006-2008 онд Халх журам сургуульд багшилсан бол, 2009-2014 он хүртэл Түшээ дээд сургуульд багшилжээ. Гэтэл энэ хоёр сургууль хаагдсан. Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч нь багш байж болно гэж хууль батлахдаа яриагүй, эрх зүйн профессор гэж ярьсан. Багш, профессор хоёрын хооронд зарчмын том ялгаа бий. Б.Ганболд минь чи өөрийгөө Улсын дээд шүүхийн шүүгч хийхэд бэлэн гэж бодож байна уу. Өмгөөлөгчөөр ажиллах, Дээд шүүхийн шүүгчээр ажиллах зарчмын зөрүүтэй шүү” хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Түүнийг дэлхийд данстай түшээ гэж хэлж болно. 2021 онд  НҮБ-ын Олон улсын эрх зүйн комиссын гишүүнээр сонгогдсон байдаг.  Нийт 48 улсын нэр дэвшигч 34 гишүүний суудалд өрсөлдөхөд Олон улсын эрх зүйн комиссын 2023-2027 оны гишүүний сонгуульд ялалт байгуулжээ. Энэхүү комисс нь НҮБ-ын хүрээнд олон улсын эрх зүйг хөгжүүлэх, системчлэх, олон талт конвенц, зарчмуудыг боловсруулах, зөвлөмж гаргах үүрэгтэй аж.

Ажлын гараагаа атташегээс эхлүүлж, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгчийн газар, Дипломат гуравдугаар нарийн бичгийн дарга болж, карьераа ахиулж байсан тэрбээр хожмоо хоёр ч удаа Гадаад харилцааны сайдаар томилогдон алба хашсан юм. Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Гадаад харилцааны сайдаар ажиллах үеэрээ давхар иргэншлийн асуудлыг хөндсөн нь дуулиан тарьсан. XIV Далай ламын Монголд хийсэн гэнэтийн айлчлал түүнийг Гадаад харилцааны сайдын алба хаших цаг хугацаатай давхацсан нь мөн л дуулианы сэдэв болж, Монгол, Хятадын харилцааг хурцатгаж байв.

Тэрбээр мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Хууль зүйн дэд сайдаар ажилласан намтартай. Хууль зүйн сайдын алба хаших үед 2008 оны долдугаар сарын 1-нд УИХ-ын сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн иргэдийн жагсаал болж, таван залуу амиа алдсан харамсалтай хэрэг болсон. Хэрэг явдалд бодитой дүгнэлт хийж, арга хэмжээг хурдан аваагүйгээс иргэд амиа алдсан, 200 гаруй иргэн шүүхээс ял авсан гэж үздэг. Ял авсан иргэд дотор жагсаалыг үзэхээр сонирхож очоод төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон гэх хэрэгт унаж, яллуулсан олон залуус багтсан юм.

Сүхбаатар аймгийн угшилтай С.Мөнх-Оргил гишүүнийг улс төрд татан гаргасан хүнээр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг нэрлэдэг ч сүүлийн жилүүдэд MCS –ийн нууц ноёнтноор нэрлэх болсон билээ.

Авлигатай тэмцэх газраас гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгт  УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нь 6.9 тэрбум төгрөгийн хадгаламж, нэг тэрбумаар үнэлэгдэх амины орон сууц, 170 сая төгрөгөөр үнэлэгдэх Lexus 570 машин, 72 сая төгрөгийн үнэт эдлэл, 2 тэрбум төгрөгийн авлага. 410 сая төгрөгийн зээлтэй байна.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ: 

  • 1982 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль
  • 1988 онд ЗХУ, Москва хот Олон улсын харлицааны дээд сургууль, олон улсын хуульч
  • АНУ, Харвардын их сургууль, хуулийн магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1988-1991 онд Гадаад явдлын яам, олон улсын байгууллагын хэлтэс, дипломат атташе
  • 1991-1995 онд Монгол улсаас НҮБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгчийн газар, Дипломат гуравдугаар нарийн бичгийн дарга/
  • 1996-1997 онд АНУ, Вашингтон хот, хуулийн пүүсэд хуульч
  • 1997-2000 онд “Мөнх-оргил идэш Линч” ХХК хуулийн зөвлөх, компаний гүйцэтгэх захирал
  • 2000-2004 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд
  • 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2006 онд Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд
  • 2006-2007 онд Улсын Их хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга
  • 2007-2008 онд Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
  • 2012-2013 онд Монгол ардын намын нарийн бичгийн дарга
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ:

  • Алтан гадас одон
  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

ГАДААД ХЭЛ:

  • Англи
  • Орос
  • Франц

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж