ХЭҮК, МӨХ хамтран Жагсаал цуглаанд оролцогч нарт Өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулжээ. Тэднийг ажиллах үеэр Түр саатуулах 111 төв дээр саатуулагдсан хүн байхгүй байсан бөгөөд СБД-ийн Цагдаагийн 1-р хэлтэст 2 иргэн саатуулагдсан байсан тул хуулийн зөвлөгөө өгч, мэдүүлэг өгөх ажиллагаанд оролцож, эд зүйл болон бичиг баримтын хамт гэр бүлийн хүмүүст нь хүлээлгэн өгсөн байна.
ХЭҮК-ийн зүгээс жагсаал, цуглаанд оролцогчдод нийт 30 орчим өмгөөлөгчид эрх зүйн туслалцаа үзүүлэхээ илэрхийлсэн аж.
Энэ талаар Хуульч, өмгөөлөгч Ч.Өнөржаргал "Хувийн Үзэл бодлоо илэрхийлэх гэдэг том соёл бөгөөд залуус энэхүү эрхээ тодорхой хэмжээ хязгаарын дотор илэрхийлнэ гэдгийг нь заагаад, зөвлөөд өгөх нь чухал юм. Хойшид тайван замаар жагсаж цуглах эрхийг хангах, жагсагч нарын шаардлагыг сонсох, шаардлагыг шийдвэрлэх хугацаа олгох, шаардлагын хариуг хүлээх гээд процессын хувьд бие биедээ хүндэтгэлтэй, хүлээцтэй хандаж сурах хэрэгтэй байна. Жагсаал цуглааныг албадан тараана гэдэг жагсаал цуглаан хийхийг хориглосон тухай ойлголт биш гэдгийг иргэд ойлгож байгаа гэж итгэж байна" гэдгийг тус комиссоос анхааруулсан байна. Мөн, тос дотроосоо өмхийрдэг гэдэг тул энэ мэт залуусын жагсаж цуглан үзэл бодлоо илэрхийлэхийг нь дэмжин, тайван замаар эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлэх нь төрийн байгууллага, мэргэжлийн холбоод, Иргэний нийгмийн байгууллагын ч үүрэг юм гэдгийг сануулжээ.