“Катар-2022” ДАШТ-ий шөвгийн наймд өрсөлдөх ээлжит хоёр багийн нэр тодорлоо.
ЯПОН 1 – 1 ХОРВАТ (ТОРГУУЛИЙН ЦОХИЛТ 1 – 3)
Хорватын хаалгач Доминик Ливакович ДАШТ-ий түүхэнд үлдэх гайхалтай тоглолтыг толиллууллаа. Тэрбээр Такүми Минамино, Майа Йошида, Каорү Митома нарын торгуулийн цохилтыг хаав. Хоёр баг үндсэн 120 минут тоглоход 1-1 гэсэн харьцаатай тэнцсэн бөгөөд ялагчийг торгуулийн цохилтоор тодруулах болсон юм.
Хорватын шийдвэрлэх хожлын цохилтыг Марио Пашалич оруулж, тэд шөвгийн наймд шалгарав. Угтаа тоглолтын эхний гоолыг Японоос Даизэн Маэда оруулсан. Гэвч хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад Перишич мөргөж, тооны харьцааг тэнцүүлсэн.
Хэсэгтээ Испани, Германыг хожиж гайхалтай байсан Японы аялал энд хүрээд өндөрлөж байна. “Хөх самурайнууд” энэ ДАШТ-ий гол чимэг нь байлаа.
Тус тоглолтын шилдгээр Доминик Ливакович тодорчээ.
БРАЗИЛ 4 – 1 ӨМНӨД СОЛОНГОС
Неймартай Бразил өөр гэдгийг дэлхий нийт харлаа. Бэртлээсээ эргэн ирсэн Неймар шууд гарааны бүрэлдэхүүнд нэрлэгдсэн нь өгөөжөө өгч, баг нь Азийн тивийн хүчирхэг төлөөлөгч Өмнөд Солонгосыг гурван гоолын зөрүүтэй хожив. Тэд эхний үед дөрвөн гоол оруулсан нь ерөнхийдөө тоглолтыг шийдчихсэн. Харин Өмнөд Солонгосоос нэр төрийн нэг гоолыг 76 дахь минутад Паик Синхо оруулжээ.
Тоглолтын дараа Неймар “Би үнэхээр айж байсан. Миний авсан бэртэл хүнд байсан. Би оройжин, өдөржин уйлсан. Гэхдээ үр дүнгээ өглөө. Би өглөө 11.00 цаг хүртэл физик эмчилгээ хийлгэж, бусад өдөр нь өглөөний 5.00, 6.00 цаг хүртэл дасгал хийж байлаа. Тэр бүх зовлон зүдгүүр эцэстээ ийм үр дүн авчирлаа. Одоо бид улам цааш явах цаг нь. Цом бол мөрөөдөл. Тиймээс алхам алхмаар урагшлах хэрэгтэй. Дахиад гурван тоглолт байна. Бид цомондоо анхаарлаа хандуулсан” гэв.
Харин Өмнөд Солонгосын довтлогч Сон Хын Мин “Бид бүхнээ гаргасан. Биднийг битгий буруутгаарай. Эдгээр бразил тоглогчдод жаахан л зай өгвөл тэр гоол оруулна. Би аль ч тоглогчийг буруутгамааргүй байна. Учир нь тэд бүхнээ зориулсан. Өөрсдийн хийсэн зүйлээрээ би бахархаж байна” гэжээ.
Тус тоглолтын шилдгээр Неймар тодров.
Холбоотой мэдээ