ОХУ-аас импортыг 90 орчим хувиар бууруулна

Хуучирсан мэдээ: 2022.12.06-нд нийтлэгдсэн

ОХУ-аас импортыг 90 орчим хувиар бууруулна

ОХУ-аас импортыг 90 орчим хувиар бууруулна

Европын орнууд болон АНУ-ын төв банкууд инфляцийг бууруулахын тулд бодлогын хүүгээ огцом өсгөсөнтэй холбоотойгоор түүхий газрын тосны үнэ буурах хандлагатай байна.

Украинд түрэмгийлсэнтэй нь холбогдуулан ОХУ-ын газрын тосыг далайгаар тээвэрлэхэд хориг арга хэмжээ авч байгаагаа Барууны орнууд зарласан. Европын холбоо, “Их 7”-гийн бүлгийн орнууд болон Австрали улс өнгөрсөн Даваа гаригаас эхлэн Оросын газрын тосны үнийг торх тутамд 60 ам.доллараар хязгаарлах шийдвэр гаргасан.

Бид энэ удаа “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа ОПЕК, түүний холбоотнууд болон Европын холбоо, “Их 7”-гийн  шийдвэрүүдийг онцолж байна.

Ирэх оны хоёрдугаар сараас эхлэн Европын холбоо ОХУ-аас авах газрын тосны бүтээгдэхүүнд хориг тавихаар болов. Европын холбоо өнгөрсөн онд 71 тэрбум евро буюу ойролцоогоор 75 тэрбум ам.долларын түүхий газрын тосны бүтээгдэхүүн ОХУ-аас импортолсон байна. Хориг арга хэмжээний хүрээнд Оросоос импортлох бараа, бүтээгдэхүүнийг 90 орчим хувиар бууруулна гэж Европын холбоо мэдэгдэв.

Саудын Араб, Оросын тэргүүлсэн газрын тос олборлогч орнууд зах зээлийн тодорхойгүй байдал үргэлжилж, Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ ирэх долоо хоногоос хэрэгжиж эхлэх төлөвтэй байгааг харгалзан өнгөрсөн Ням гаригт цахим хурал хийсэн байна.

Дэлхийн эдийн засгийн хямрал, Оросын газрын тосны экспортод тавьсан барууны хориг арга хэмжээ зэргээс шалтгаалан газрын тос олборлогч орнууд олборлолтын түвшнээ хэвээр үргэлжлүүлэх тохиролцоонд хүрчээ. Тодруулбал, Эр-Риядын тэргүүлсэн Газрын тос экспортлогч орнуудын байгууллага (ОПЕК)-ын 13 гишүүн, Москвагийн тэргүүлсэн 10 холбоотон орон (ОПЕК+)-ы төлөөлөгчид аравдугаар сард гаргасан газрын тосны олборлолтоо өдөрт хоёр сая торхоор танах шийдвэрээ 2023 оны эцэс хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.

Мөн Хятадын "Тэг ковид” бодлогын хатуу хязгаарлалтын улмаас бизнесийн үйл ажиллагаа багассантай холбоотойгоор тус улсын эдийн засаг удааширч буй нь нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд дүгнэжээ.

ОХУ-ын Шадар сайд Александр Новак өнгөрсөн Ням гаригийн хуралдааны үеэр хэлэхдээ, ОХУ-ын байр суурь өөрчлөгдөөгүй бөгөөд түүхий газрын тосны үнийн дээд хязгаар тогтоосон орнуудад бүтээгдэхүүн экспортлохгүй гэж мэдэгдсэн байна.

Шинжээчид “Хориг арга хэмжээ нь газрын тосны эрэлт, үнэд хэрхэн нөлөөлөхийг хянахын тулд ОПЕК болон бусад томоохон улсууд олборлолтын зорилтоо барихаар шийдсэн” гэж үзжээ.

Хятадын төрийн мэдлийн “Global Times”-т мэдээлэхдээ, ОПЕК+ дэлхийн газрын тосны зах зээлийн тогтвортой байдлыг хадгалахын тулд олборлолтоо бага зэрэг бууруулах талаар зөвшилцөлд хүрч магадгүй. Хэрвээ тийн бууруулбал Оросын түүхий эдийн үнийн дээд хязгаар хүссэн үр дүнд хүрэхгүй гэж онцолсон байна.

Газрын тос экспортлогч орнуудын байгууллагын холбоотнууд буюу ОПЕК+ мэдэгдэлдээ, аравдугаар сард гаргасан олборлолтыг танах тухай шийдвэрийг “зах зээлийн нөхцөл байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр гаргасан шийдвэр” гэж тодорхойлж, энэ нь “дэлхийн газрын тосны зах зээлийг тогтворжуулах шаардлагатай хийгээд зөв алхам байсан” гэж онцолжээ.

ОПЕК-ийн Сайд нарын түвшний дараагийн уулзалтыг 2023 оны зургадугаар сарын 4-ний өдөр товлосон. Гэвч шаардлагатай тохиолдолд уулзаж, нэн даруй нэмэлт арга хэмжээ авахад бэлэн гэдгээ мөн мэдэгдсэн байна.

ОХУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова өмнө нь Орос газрын тосны үнэд дээд хязгаар тогтоох нь бүгдэд “сүйрлийн” үр дагавартай. Зах зээлийн эсрэг арга хэмжээ нь даяарчлалын эрчим хүчний зах зээлийн байдлыг ээдрээтэй болгоно гэж хэлсэн. Харин Ерөнхий сайдын орлогч Александр Новак гэрээ байгуулах талаасаа хүлээн авах аргагүй ийм хязгаарлалтыг зөвшөөрсөн орнуудад экспорт нь ашигтай байсан ч газрын тос худалдахгүй гэжээ.

Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер өнгөрсөн Даваа гаригт "АНУ газрын тосны нөөцөө Оросын газрын тосоор нөхөх бодолгүй байна" гэж мэдэгдэв. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден  өнгөрсөн гуравдугаар сард ОХУ-аас эрчим хүч импортлох, Оросын эрчим хүчний салбарт шинэ хөрөнгө оруулалт хийхийг хориглосон захирамжид гарын үсэг зурсан билээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков "Москва Оросын газрын тосны үнийн дээд хязгаарыг хүлээн зөвшөөрөхгүй" гээл, Кремль цаашдын ажлыг хэрхэн зохион байгуулах талаар нэмэлт мэдээлэл өгнө" гэж мэдэгджээ.

Газрын тос экспортлогч орнуудын байгууллагын холбоотнууд арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн газрын тосны олборлолтоо хоногт хоёр сая баррелиар бууруулах шийдвэр гаргасан. Кремль энэхүү шийдвэрийг “эрүүл ухааны ялалт” хэмээн тодорхойлсон бол Цагаан ордон тус байгууллагын бодлогод туйлын дургүйцэж буйгаа иэрхийлсэн билээ.

АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен эл шийдвэрийг “үр дүнгүй, ухамсаргүй” хэмээн тодорхойлсон бол Цагаан ордны тэргүүн Жо Байден урам нь хугарсан тухай мэдэгдэж байв. “ОПЕК+” ийм шийдвэр гаргасны дараа Вашингтон Саудын Араб болон Ойрх Дорнодын эрчим хүчний эх үүсвэр экспортлогч хэд хэдэн оронд хариу барихаа мэдэгдсэн.

Шинжээчдийн таамаглаж байснаар, Саудын Арабтай сөргөлдөх нь АНУ-ын хувьд эдийн засаг болон улс төрийн хүнд үр дагавартай. Үүнтэй зэрэгцэн Кремлийн тэргүүний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “ОПЕК+” гишүүн орнуудын төлөвлөгөөт ажил зах зээлд хар алт цутгах замаар газрын тосны нөөцөөрөө нөлөөлөхийг хичээдэг АНУ-ын бодлогыг сөрөхөд чиглэсэн. Тус байгууллагын энэ шийдвэр нөхцөл байдлыг тодорхой хэмжээнд тэнцвэржүүлнэ” гэж онцолж байв.

Эх сурвалж: REUTERS, TASS, GLOBAL TIMES, RIA NOVOSTI

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж