Төв талбайд арванхоёрдугаар сарын 4-нөөс эхэлсэн жагсаал, цуглаан хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д Монгол Улсын иргэн “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно” гэж заасан байдаг. Гэтэл өнөөдрийн жагсаал, цуглаан нь бүртгүүлээгүй, жагсаал цуглаанд оролцож буй иргэдийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй байдалтай байв. Тиймээс үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болзошгүй эмх замбараагүй байдал үүссэн тул Монгол Улсын Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг үндэслэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар жагсаал, цуглааныг тараах тухай захирамж гаргасан.
Тодруулбал, жагсаалд оролцогч иргэдэд урьдчилан анхааруулах, шаардлагатай тохиолдолд иргэдийг албадан тараахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгоод байв.
Харин иргэд тайван замаар жагсч, үзэл бодлоо илэрхийлэн, цагдаагийн албан хаагчдыг хүндэтгэн, жагсаалаа сайн дураар өндөрлүүлж, үймээн самууны шинжтэй нөхцөл байдал ариллаа. Иймд Нийслэлийн Засаг дарга “Жагсаал, цуглааныг тараах тухай” А/1517 тоот захирамжаа хүчингүй болгох захирамж гарган, цагдаагийн алба хаагчид хамгаалалтаа буулгасан байна. Мөн УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдаж, онц байдал зарлах саналыг ҮАБЗ-д хүргүүлсэн ч онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзсэн юм. Тиймээс арванхоёрдугаар сарын 6-д хичээл сургалт хэвийн үргэлжлэнэ. Ямартай ч нөхцөл байдал аажмаар намжсан тул хотын дарга ийнхүү таван цагийн дараа гаргасан шийдвэрээ цуцаллаа.
Холбоотой мэдээ