Хятадын дарга Ши Жиньпин энэ долоо хоногт Саудын Арабт айлчилна. Эрчим хүчний нөөцөөр баялаг Саудын Араб нь Бээжин тэргүүтэй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) нэг хэсэг болох магадлалтай орноор нэрлэгдээд байна. Хятад, Арабын дээд хэмжээний уулзалт арванхоёрдугаар сарын 9-нд болох бөгөөд Ши Жиньпин 7-ны өдөр Эр-Риядад буух аж. Энэ уулзалтад оролцох урилга Ойрхи Дорнод болон Хойд Африкийн удирдагчдад ирсэн. Худалдааны харилцаа болон бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх нь айлчлалын нэн тэргүүний зорилт гэдгийг Саудын Арабын Гадаад хэргийн сайд Адель Аль-Жубейр хэлжээ.
Саудын Араб болон ОПЕК+ эвслийн бусад гишүүн орон нефтийн нийлүүлэлт, дайнтай холбоотойгоор АНУ-тай зөрчилдөж буй үед тус уулзалт зохион байгуулагдаж байна.
Тэгвэл ажиглагчид Ши Жиньпиний энэ удаагийн айлчлалыг ШХАБ-ыг баруун тийш тэлэх бас нэг алхам болно гэж үзэж байна. Ингэснээр Хятад улс худалдааны түнш төдийгүй Персийн булангийн эрчим хүчний салбарын хөрөнгө оруулагч болох юм. Хятадын төлөөлөгчид Персийн булангийн орнууд болон Арабын бусад оронтой эрчим хүч, аюулгүй байдал, хөрөнгө оруулалтын олон арван гэрээ, санамж бичигт гарын үсэг зурах төлөвтэй байна.
Ши Жиньпин дарга Саудын Арабын хаан Салман бин Абдулазиз аль-Сауд, угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман нартай уулзана. Энэ нь түүний Саудын Арабт хийж буй зургаан жилийн дараах анхны айлчлал болох юм.
Персийн булангийн Арабын орнууд сүүлийн жилүүдэд БНХАУ, ОХУ-тай харилцаагаа зузаатгах болсон. Гэтэл нөгөө талд Саудын Араб болон ОПЕК+ эвслийн бусаднийлүүлэгчид олборлолтоо огцом бууруулах шийдвэр гаргаснаар АНУ-тай харилцаа мууджээ. Энэ шийдвэр дэлхийн инфляцийг улам дордуулж, Оросын газрын тосны орлогыг дэмжих болно гэж АНУ мэдэгдсэн. АНУ болон Саудын Арабын харилцаа хурцадсан нь Хятадын хувьд боломж болж буйг ажиглагчид хэлж байна. “Хятадууд нөхцөл байдлыг ашиглаж, Саудын Араб бол бидэнтэй аз жаргалтайгаар хамтран ажилладаг агуу тусгаар тогтносон улс гэж харуулахыг зорьж байна. Тэд ийм түүх бүтээхийг хүсч байна” гэж С.Ражаратнамын нэрэмжит Сингапурынолон улс судлалын сургуулийн профессор Раффаэлло Пантуччи хэлжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден долдугаар сард Эр-Риядад айлчлахдаа Арабын удирдагчдад хандан “Бид хаашаа ч явахгүй. Хятад, Орос, Иранд орон зай үлдээхгүй” гэж хэлж байв. Гэвч Байдены энэ амлалтаас үл хамааран АНУ бусад бүс нутагт анхаарлаа хандуулахын хэрээр Саудын Арабаас холдсоор байгаа юм. Персийн булангийн орнуудын үзсэнээр Хятад улс энэ хоосон орон зайг нөхөх сонирхолтой байна. Өдгөө Байден болон хунтайж Мохаммед хоёрын харилцаа хурцадмал хэвээрээ байна.
Иран улс ШХАБ-т элсэх хуулийн төслийг арваннэгдүгээр сарын сүүлээр баталсан. “Иран тус бүлэгт элссэнээр ШХАБ-ын эрчим хүчний бүлгэмийг өргөжүүлж чадна” гэж Шанхайн Нийгмийн шинжлэх ухааны академийн ШХАБ-ын төвийн тэргүүн Ли Лифан хэлэв. Тус улс ШХАБ-т нэгдэх нь Иран тусгаарлагдсан улс биш гэдгийг дэлхий нийтэд харуулсан явдал болж буй юм. “Иран улс ШХАБ-ыг барууны ноёрхлын эсрэг нөлөөгөө нэмэгдүүлэх платформ болгон ашиглаж болно” гэж Шанхай дахь ШХАБ-ын судлаач хэлсэн.
ШХАБ-ын удирдагчид Евразийн хэмжээнд эрчим хүчний нэгдсэн стратеги боловсруулах хүсэл эрмэлзэлтэй. Тэд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр рүү шилжихийг хамтын ажиллагааныхаа гол зорилго болгон тодорхойлсон. Туркменистанаас Хятад руу байгалийн хий нийлүүлэх хоолойн ажил амжилттай болсон Бээжин онцолж, ШХАБ-ын түншүүдэд хандан эрчим хүчний аюулгүй байдлын чиглэлээр хамтын ажиллагаагаа урагшлуулахыг уриалжээ. Тус хийн хоолой нь 3666 км урттай.
ШХАБ нь дотоодын мөнгөн тэмдэгтийг дэмжих замаар эрчим хүчний худалдаанд ам.долларын хэрэглээг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэх боломжтой байгууллага юм. Мөн Орос, Хятадын байгалийн хийн хэлцлийг рубль, юаниар хийж байгааг ШХАБ-ын судлаач онцолжээ.
Хятадын гаалийн мэдээллээр Саудын Араб аравдугаар сард Хятадын газрын тосны хамгийн том эх үүсвэр хэвээр байна. Мөн тус улс нь ажиглагчийн статусаа дээшлүүлэх сонирхолтой байгаа ШХАБ-ын хэлэлцээний түнш юм. Харин Хятадын хоёр дахь том нефтийн нийлүүлэгч ОХУ нь ШХАБ-ын үүсгэн байгуулагч гишүүн юм.
Гэхдээ Персийн булангийн албан тушаалтнууд Хятад, АНУ-ын аливаа маргаанд хэт автахаас зайлсхийж, хэн хэнтэй нь харилцаагаа хадгалах ёстой гэдгээ мэддэг.
Саудын Араб болон Арабын нэгдсэн Эмират улсууд нь Вашингтоныг цэргийн техник хангамж, батлан хамгаалахын нийлүүлэгч гэж үздэг. Харин Хятад улстай худалдаа, технологи, тэр бүү хэл баллистик пуужингийн технологи, нисгэгчгүй онгоцны салбарт хамтран ажилладаг. “Бүс нутгийн аюулгүй байдлыг хангагч гэх АНУ-ын түүхэн үүрэгт одоогоор Хятад заналхийлээгүй байгаа ч Вашингтоны урт хугацааны ашиг сонирхолд асуудал үүсгэж болзошгүй” гэж "Janes IntelTrak" зөвлөх компанийн ахлах менежер Нисса Фелтон хэлжээ.
Эх сурвалж: SCMP, REUTERS, FINANCIAL TIMES