Нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр обьектын гал түймрийн таван дуудлага иргэдээс иржээ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 19 дүгээр гудамжинд иргэн Б-гын 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, Баянзүрх дүүргийн аравдугаар хороо, Улиастайн гуравдугаар хэсэгт иргэн А-гийн дөрвөн ханатай гэр, эд хогшлын хамт шатаж байсныг тус тус унтраалаа. Мөн Баянзүрх дүүргийн наймдугаар хороо, УС-15-ын нэгдүгээр байрны гуравдугаар орцны 37 тоотод цахилгаан зуухаа асаалттай нь эзэнгүй орхисноос гал гарсныг мөн аюулгүй болгосон байна.
Иргэд санамсар болгоомжгүй байдлаасаа болж гал түймрийн аюулд өртөж, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэл их гарч байна. Тиймээс ажил, амралтаар явахдаа гэрийнхээ цахилгаан хэрэгслийг салгаж аюулгүй байлгаж гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
П.Наран