Жагсч болно, шатааж болохгүй

Хуучирсан мэдээ: 2022.12.05-нд нийтлэгдсэн

Жагсч болно, шатааж болохгүй

Жагсч болно, шатааж болохгүй

Улстөрчид холбогдсон нүүрсний хэргийг шуурхай шийдвэрлэж, буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэхийг шаардсан ард түмний жагсаал өнөөдөртэй /2022.12.05/ хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Ардчилсан Монгол Улсын иргэдэд жагсах, үзэл бодлоо илэрхийлэн, эрх баригчдад шаардлага тавих бүрэн эрх байгаа ч түүнийгээ эзэрхийлэл болгон, балмад үйл ажиллагаа болгон хувиргаж болохгүй.

Яг одоо Сүхбаатарын талбайд жагссан иргэдийн олонх нь оюутнууд, залуучууд байна. Зүрх сэтгэлийн дуудлагаараа ирсэн тэдний дуу хоолойг ашиглаж, жагсаалыг үймээн болгон хувиргах сонирхолтой турхирагчид байгааг анхаарах шаардлагатай болжээ.

Төв талбайд зассан гацуурыг шатааж, Төрийн ордон руу галт бамбар шидэж буй энэхүү балмад үйлдэл 2008 оны долдугаар сарын 1-нд болсон үймээн шиг аюултай зүйл рүү түлхэж мэдэшгүй байна.

Долдугаар сарын 1-ний хэрэг явдлын уршгаар таван залуу амиа алдаж, олон зуун залуус үймээнд оролцсон хэргээр ял авч, насан туршдаа эрүүгийн хэрэгтэн гэх “тамгатай” болсон. Харин жагсаалыг зохион байгуулагчид гэмгүй өнгөрсөн гашуун түүх бий. Энэ алдааг давтаж болохгүй.

Бусдыг жагсаалд турхирчихаад хумсаа нуусан муур шиг чив чимээгүй сууж буй зохион байгуулагчид аа, хэрэв энэ жагсаалын утга учир алдагдаж, үймээн самуун болж хувирвал та бүхэн хариуцлагаа үүрч, хуулийн хаалга татна шүү. Зүй ёсны шаардлага тавьсан залуусын цөсийг хөөргөж, зүй бус зүйл рүү турхирагчид нь та бүхэн.

Жагсагчид Төв шуудангийн замыг хааснаар авто замын хөдөлгөөн хаагдаад буйг Тээврийн цагдаагаас мэдээллээ. Хаалттай зам руу онцгой, түргэн тусламжийн машин ч нэвтрэх боломжгүй болж, асуудал дагуулж эхэллээ. Ийм увайгүй жагсаал хийж болохгүй. Удахгүй ажил, сургууль, цэцэрлэг тарна. Томчууд нь явган алхаж, унаатай залгадаг юм аа гэхэд бяцхан хүүхдээ тэвэрсэн ээж, аавууд өвлийн энэ хүйтэнд хэдэн буудал газар алхах вэ.

Эв зүйгээр, ойлголцлоор асуудлаа шийдэх бүрэн боломж бий.

Хэрэв энэ жагсаал үймээн болж хувирвал нүүрсний хулгайч нартай хийх тэмцэл зогсоно. Нүүрсний хэргийг өөр зүйл рүү хандуулж, гэм буруугаа нуух гэсэн зорилготой хүмүүс л санасандаа хүрч, хожих болно.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
7
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж