Ирэх 2023 онд биднийг стагфляци удирдах уу, дефляци уу?

Хуучирсан мэдээ: 2022.12.06-нд нийтлэгдсэн

Ирэх 2023 онд биднийг стагфляци удирдах уу, дефляци уу?

Ирэх 2023 онд биднийг стагфляци удирдах уу, дефляци уу?

Монгол Улсад баян, хоосны ялгаа хамгийн хурдтай өсч байна. Дэлхийн банк Монголын нийт хүн амын орлогыг дотор нь тав хувааж, хамгийн өндөр болон бага орлоготой хүмүүсийг харьцуулаад, дундаж давхарга байхгүй болж, баячууд улам баяжиж, ядуус бүр туйлдаж буйг тогтоосон.

Цар тахлын өмнө монголчуудын 30 хувь ядуу байсан бол өдгөө цар тахлын хүнд үе, ОХУ Украины дайсагналцал, хүнсний хямрал зэрэг хүчин зүйлүүдээс шалтгаалан ядуурал бодитоор нүүрлэж, 60 хувь хол давжээ. Үүнийг Үндэсний статистикийн хорооноос гаргасан, Монгол Улсын 2022 оны эхний 10 сарын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлт нотолж буй юм.

Инфляци өнөөдөр (2022.12.06)-ийн байдлаар улсын хэмжээнд 14.5 хувь, Улаанбаатар хотод 14.6 хувьтай байна.

Инфляци өнгөрсөн аравдугаар сард 14.5 хувьтай гарахад импортын барааны үнэ 52.6 хувиар нөлөөлжээ. Голлон нөлөөлсөн 10 бараа нийт инфляцийн 26.5 хувийг эзэлсэн байна. Бензин шатахуунаас гадна ургамлын тос, талх, гурил, гурилан боов, хүүхдийн параденк лаа зэрэг бүтээгдэхүүнүүд үнэ өсөхөд ийнхүү нөлөөлжээ. Талх, гурил будааны үнэ 29.2 хувиар өссөн нь голлох нөлөөллийг бүрдүүлсэн аж.

Үүний зэрэгцээ Монголд бензин, шатахууны үнэ өсч, ДНБ-ий хэмжээ тасралтгүй буурсан үзүүлэлттэй байна. Эдийн засаг агшсанаар ядуурал өсч, амьжиргааны нөхцөл байдал дордож, хөрөнгө оруулалт багасч, ажлын байр хомсдсон гээд бүх урвуу үзүүлэлт өнөөдөр бодитой нүүрлэсэн.

Эдийн засагчид Монгол Улсад ажилгүйдэл, үнийн өсөлт нэгэн зэрэг явагдаж, стагфляци нүүрлэсэн хэвээр байгааг онцолж байна.

Үнэндээ Монгол Улсад ажилгүйдэл 50 хувь, архидалт 80 хувь, үнийн өсөлт 200 хувь, инфляци 15 хувьтай байгаа нь "эмгэнэлтэй" үзүүлэлт юм.

Монгол Улсад хөдөлмөрийн насны 2.13 сая иргэн бий. Үүнээс 1.26 сая иргэн ажиллаж байгаа бол ажиллах хүчнээс гадуур 866.9 мянган иргэн байна. Эдгээр иргэдээс 41 мянган нь цалин хөлс, орлого олох ажил хайх, эсвэл хийх нөхцөл нь бүрдвэл ажиллах хүчний эгнээнд шилжихэд бэлэн байгаа аж.

Монголын төр эдийн засагт хөндлөнгөөс оролцсоор ирсний үр дүн өнөөдөр стагфляци нүүрлэхэд хүргэсэн шалтгаануудын нэг юм. Америкийн эдийн засагч Людвиг фон Мисэз “Хямрал, олон нийтийн ажилгүйдэл чөлөөт зах зээлээс бус, харин төр засаг нь эдийн засагт хөндлөнгөөс оролцсоноос үүдэлтэй” гэж хэлснийг энд дурдъя.

1970-аад онд газрын тосны хямралаас шалтгаалж АНУ-ын ДНБ огцом буурахад үнэ өссөн “хар үе”-ийг анх стагфляци гэж нэрлэсэн байдаг.  2008 оны хямралын үеэр дэлхийн зах зээлд газрын тосны үнэ огцом өссөнтэй холбоотойгоор манай улсад нийлүүлэлтийн гаралтай инфляци үүссэн байна. Энэ үед инфляци огцом өсч, 33.7 хувьд хүрч, эдийн засгийн өсөлт саарч эхэлснээр стагфляци ажиглагджээ. Монгол Улсад 2016 онд Улаанбаатар хотын Хэрэглээний үнийн индексийн жилийн өөрчлөлт -0.6 хувьд хүрч, дефляци (бараа бүтээгдэхүүний үнийн ерөнхий түвшин буурах үзэгдэл)-тай гарч байсан аж.

Монгол Улсад бодитоор нүүрлэсэн стагфляцийг эмчлэх ярвигтай, дор хаяж 20-30 жил зарцуулна гэсэн мэдээллийг зарим эдийн засагчид хэлдэг. Инфляци өндөр үед төв банк бодлогын хүүгээ өсгөснөөр зээлийн хүү өсч, хөрөнгө оруулалт, хэрэглээ буурна гэсэн үг юм. Иймд ирэх 2023 онд дефляци явагдана гэж найдалтгүй. Гагцхүү ДНБ өсөлтгүй, инфляци өндөр байж, биднийг стагфляци "удирдах" нь тодорхой байна.

Дэлхий дахинд ч ирэх онд нөхцөл байдал дээрдэнэ гэсэн найдлага алга. Шинжээчид ирэх 2023 онд дэлхийн эдийн засаг зогсонги байдалд орно гэж таамаглаж буй бол хөрөнгө оруулагчид стагфляци гол эрсдэл болно гэж үзэж байна.

Францын "Kornitzer Capital Management" компанийн "Buffalo International Fund"-ын багцын менежер Николь Корницер “Ирэх жил ч ихээхэн сорилттой нүүр тулна. Стагфляци үүсэх нь гарцаагүй" гэж тэмдэглэжээ. Тэрбээр “Ам.долларын ханш 2023 онд сулрах магадлалтай. Бүх хөрөнгө оруулагчийн анхаарал өдгөө Холбооны нөөцийн сангийн дараагийн алхмуудад төвлөрч байна. Урт хугацаанд зээлийн хүү өндөр хэвээр байгаа нь эдийн засгийн өсөлтөд ихээхэн сөрөг нөлөөтэй. Дэлхийн эдийн засагт учирч буй өөр нэг эрсдэл бол Хятад улсын “Тэг ковид” бодлого, түүнийг эсэргүүцсэн жагсаал цуглаан өргөжиж, халдварын тохиолдол өсөн нэмэгдэж буй явдал" гэжээ.

Хятадад эмх замбараагүй байдал даамжирсан нь газрын тосны болон АНУ-ын хөрөнгийн биржийн фьючерс хэлцлүүдийн үнэ доошлоход хүргэж буй аж. Мөн ам.долларын спот индекс уруудсаар байгааг “Bloomberg” онцолж байна.

АНУ-ын "Roubini Macro Associates" компанийн ерөнхий захирал, эдийн засагч Нуриэль Рубини "Санхүүгийн хямрал, "1970-аад оны хамгийн муу үе" эргэн ирнэ. Төв банкууд инфляцийн өсөлтийг тогтоон барихаар тэмцэж буй бөгөөд дэлхийн эдийн засаг стагфляцийн урхинд орно” гэж таамагласан байна.

Тэрбээр "Өнөөгийн хямралын үр дагавар 2008 оныхоос ч хамаагүй хүнд тусах магадлалтай" гээд, стагфляци ноёлно гэж урьчилан таамаглахад хүргэсэн хэд хэдэн хүчин зүйлийг онцолжээ. Үүнд, хувьцааны үнэ энэ жил 20 гаруй хувиар буурсан, хувийн хөрөнгө эрсдэлд орсон, АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн таагүй байдал, компаниудад олон жилийн турш өр хуримтлагдаж, зээлийн хэмжээ багассан зэрэг багтсан байна.

Рубини инфляци огцом буурна гэж хүлээхгүй байгаа бөгөөд үүнийг зах зээл дээрх нийлүүлэлт буурсантай холбон тайлбарлажээ. Тэрбээр дэлхийн эдийн засгийн ерөнхий нөхцөл байдлыг "1970-аад оны хамгийн муу үе, дэлхийн санхүүгийн хямралын хосолмол үе. 1970-аад онд бид инфляци ба уналт гэсэн стагфляцийн хоёр “шок”-той байсан" гэж хэлсэн байна. Мөн "Украинд үргэлжилж буй дайсагналцал, Хятадын нийлүүлэлтийн сүлжээний тасралт зэрэг нь хямралыг улам даамжруулж болзошгүй" гэжээ.

"MLIV Pulse" судалгаанд хамрагдсан 388 хүний ​​бараг тал хувь нь ирэх онд эдийн засгийн өсөлт саарч, инфляци өндөр хэвээр байх хувилбар буюу стагфляци дэлхий даяар давамгайлна гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: САНГИЙН ЯАМ, ҮСХ, BLOOMBERG, RBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж