"Цэнхэр самурайнууд"-ын эсрэг дэлхийн дэд аваргууд

Хуучирсан мэдээ: 2022.12.05-нд нийтлэгдсэн

Катар-2022

"Цэнхэр самурайнууд"-ын эсрэг дэлхийн дэд аваргууд

"Цэнхэр самурайнууд"-ын эсрэг дэлхийн дэд аваргууд

Катарт гайхалтай тоглолтоороо түймэр тавиад буй Японы шигшээ баг өнөөдөр/2022.12.05/ Хорватын эсрэг тун хариуцлагатай тоглолтыг хийнэ. “Цэнхэр самурайнууд” хэсэгтээ Герман, Испанийг дийлсэн бол Хорват “F” хэсгийн хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарав.

Японы гол хамгаалагчдын нэг Коү Итакүра Испанийн эсрэг шар хуудас авсан учир энэ удаагийн тоглолтыг өнжихөөр болжээ. Харин Такэхиро Томияасү, Ватарү Эндо нар гараанд гарах боломжтой. Мөн Хироки Сакаи бэртлээсээ эргэн ирж буй сайн мэдээ байна. Тэгвэл Хорватын тухайд Бельгийн эсрэг гаргасан бүрэлдэхүүнээ энэ удаад дахин гаргах нь лавтай.

Япон, Хорват хоёр түүхэндээ нийт гурван удаа учраа таарч байв. Анх 1997 онд Япон хожиж байсан бол дараа нь 1998 онд Хорват ялж байжээ. Тэгвэл 2006 онд хоёр баг 0-0 гэсэн харьцаатай тэнцсэн түүхтэй.

Тоглолтын өмнө Японы дасгалжуулагч Хажимэ Морияасү “Бид хэсгийн шатаа амжилттай давлаа. Гэхдээ тайван байж, үүндээ хэт их баярлах хэрэггүй. Бид үүнийг шинэ сорилт гэж хүлээн авч байгаа бөгөөд багийн уур амьсгал сайхан байна. Тоглогчид маань энэ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд аль хэдийнэ гурван тоглолт хийгээд туршлагажсан учир тэд ирэх тоглолтод бэлэн байх болно. Тоглолт тэнцээгээр дуусвал бид нэмэлт цаг, дараа нь торгуулийн цохилт цохиход бэлэн байна. Ганц хоёр хувиар ч гэсэн ялах боломжоо нэмэгдүүлэхийн тулд бид сайн бэлдэх болно” гэжээ.

Харин Хорватын дасгалжуулагч Златко Далич “Энэ тоглолт хоёр багт хоёуланд нь хүнд байх нь лавтай. Испани эхний гоол оруулахад би Японыг хожигдлоо л гэж бодсон. Гэхдээ тэд бууж өгөөгүй. Хүртэх ёстой ялалтаа хүртсэн. Герман, Бельги, Дани зэрэг улсууд хасагдсан байгааг харахад л энэ ДАШТ-д ямар хүчтэй багууд оролцож байгаа вэ гэдэг нь харагдана. Өмнө нь би магадгүй Японтой тоглохыг хүсэх байсан байх. Гэтэл тэд Испани, Германыг хожчихлоо. Ирэх тоглолтод бидэнд амаргүй байх нь гарцаагүй” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
83
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж