УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр /2022.12.05/ мэдээлэл хийлээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.ЦОГТГЭРЭЛ:
-Нүүрсний хулгайтай холбоотой мэдээллийг олон нийтэд нээлттэй мэдээлэхийг шаардаад хоёр долоо хоног өнгөрлөө. Гэвч одоог хүртэл хувьцаа эзэмшигчдээс хүртэл хулгайн асуудлыг нуусаар байна. Энэ зөвхөн сөрөг хүчний тавьж байгаа шаардлага биш. Иргэд хүртэл шаардаж байна.
Монгол Улсаас гарсан уул уурхайн баялгийн орлого зөрүүтэй байгаад эрх баригчид хариуцлагатай хандах хэрэгтэй.
Уул уурхай давамгайлсан эдийн засаг буруу зүг рүү явж байгаад иргэд хариуцлага нэхэж байгааг төр харж байгаа байх.
"МОНГОЛ УЛС НҮҮРСТЭЙ ХЭРНЭЭ ДОТООДЫН ХЭРЭГЦЭЭГЭЭ ХАНГАЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА НЬ ШИВШИГ"
УИХ-ын гишүүн С.ОДОНТУЯА:
-Нүүрсний уурхайтай холбоотой нээлттэй сонсгол явуулах талаар гишүүд гарын үсэг цуглуулж байна. Сүүлийн үед бүхий л асуудлыг тэр дундаа Хөгжлийн банктай холбоотой болон нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг АН-руу чихсэн увайгүй үйлдэл гарч байгаа. Тиймээс АН-ын бүлэг энэ асуудлыг шийдвэрлэхэд уриалан оролцоно.
Олон улсын валютын сан өнгөрсөн есдүгээр сард танайд нүүрсний хулгай байна шүү гэдгийг анх гаргаж ирсэн. Түүнээс МАН шударгадаа гаргаж ирээгүй.
Мөн оффтек гэрээгээр дамжуулж орж ирэх ёстой мөнгө хулгайлсан асуудлыг түр хороо шалгаж байгаа. Энэ бол бизнесийн байгууллагуудыг маш их хохироосон асуудал. Тээвэр хийж байсан олон компаниуд дампуурч, МАН-ынхантай танил дотно хүмүүс мафижсан сүлжээг бий болгож нүүрсний хулгайг хийсэн.
Мөн иргэд хувьцаагаа шаардах ёстой.
Энэ асуудлаас гадна эрчим хүчний асуудал бол гол анхаарах сэдэв. Монгол Улс маш их нүүрстэй хэрнээ дотоодын хэрэгцээгээ хангаж чадахгүй байна гэдэг шившиг. Тиймээс нүүрсний хулгайтай холбоотой асуудалд АН-ын бүлэг тууштай явах болно.
"НҮҮРСНИЙ ХУЛГАЙ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД Ч НӨЛӨӨЛӨХ АСУУДАЛ"
УИХ-ын гишүүн Н.ГАНИБАЛ:
-Түр хороонд ирсэн нүүрсний хулгайтай холбоотой мэдээлэл олон нийтэд нээлттэй гарсан. Өнөөдрийн гарсан 6.5 сая тонн нүүрс, 40 их наяд гэх тоонуудын мэдээлэл бидэнд ирээгүй. Тодорхой цаг хугацаанд гаргасан тоон мэдээлэлд үндэслэж, зөрчлүүдийг хянаж хэлэлцэж байгаа.
Нүүрсний хулгай гэдэг бол үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлөх асуудал.
Монгол Улс тагнуулын байгууллагатай, эдийн засгийн асуудлыг хянадаг нэгжтэй. Мөн гааль, хилийн цэргүүд ч хяналтыг тавьж байгаа. Хэрэв хулгай байгаа бол энэ бүх газарт бүлэглэл бий болсон гэсэн үг. Одоогоор эдгээр газруудаас өгч буй мэдээлэл зөрүүтэй байгаа.
Холбоотой мэдээ