УИХ-ын гишүүн Т.Доржханд нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар мэдээлэл хийв. Тэрбээр "Нүүрсний асуудлаа УИХ-аар нээлттэй хэлэлцье. Энэ асуудлаа шийдэхгүй бол бүдгэрэх гээд байна. Нүүрсний хулгай бол нам дамжсан 10 гаруй жилийн хулгай. Үүнийг нам үл харгалзан нэгдэж байгаад шахъя. Нээлттэй сонсгол хийх шаардлага дээр нэр бүхий 9 гишүүн гарын үсэг зурсан. Үүнийг УИХ-ын даргад хүргүүлж, энэ долоо хоногт хийхийг шаардаж байна.
Иргэд гадаа жагсч байна. Энэ нь үр дүнтэй байх ёстой. Гэтэл зарим улстөрч, нүүрсчид нь асуудлыг өөр тийш чиглүүлэх оролдлого хийж байна. Энэ хулгайг илчлэхгүй бол бусад хулгай ч илчлэгдэхгүй юм байна. Засгийн газар дангаараа хүчрэхгүй юм байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл үүнд үүрэгтэй.
Нууцын гэрээ ил болж байж энэ бүхний ард хэн байгаа, ямар замаар хэрэгжсэн хулгай нь тод томруун гарч ирнэ. Нүүрсний алдагдсан үнэ 40-45 их наяд төгрөг шүү. Энэ нь сүүлийн 10 жилийн нүүрсний экспорт 250 сая тонн гэсэн үг юм. Тиймээс Засгийн газарт эрхийг нь нээж, энэ ажил цаашаа явна. Үүнийг нууцлах шийдвэрийг Х.Баттулга ерөнхийлөгч асан, тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй хүмүүс гаргасан" гэв.
Т.Доржханд "Монгол Улс цаашдаа хөгжих, хулгай, авлигаас салахад хууль батлах парламентын бүтэц хамгийн чухал нөлөөтэй. Гэтэл одоо ирц бүрдэхгүй, хэдхэн гишүүн сууж байгаад өөрсдийгөө хамгаалсан хууль баталж, ядмагхан бүтцээр ажиллаж байна. Үүнийг өөрчлөх цаг болсон" гэлээ.
Холбоотой мэдээ