Кремлиэс орон нутгийн эрх баригчдад шинэ жилийг хэрхэн тэмдэглэх талаар зөвлөмж өгчээ. Ингэхдээ нэгдүгээрт зарцуулалтдаа хянамгай байж, хоёрдугаарт Украин дахь цэргүүдийн эр зоригийг мартаж болохгүй гэж зөвлөсөн байна. Мөн хүүхдүүдийн өмнөөс цэргүүдэд мэндчилгээний хуудас илгээж, ар гэрийнхэнд нь шинэ оны мэнд хүргэнэ гэв.
Түүнчлэн шинэ жилийн үзэсгэлэн дэлгэх аж. “Бүхнийг ялалтын төлөө” нэртэй тус үзэсгэлэн дээр цэргүүдэд зориулан бэлэг цуглуулах юм байна. Мөн Донецк, Луганск, Херсон, Запорожье мужуудад зул сарын гацуур мод босгож, гэрэл асаах ёслол зохион байгуулахыг санал болгожээ. Украин дахь Оросын цэргүүдэд шинэ оны мэнд хүргэх өвлийн өвгөн, цасан охин бүхий суртал ухуулгын багийг мөн илгээх төлөвтэй байна.
Шинэ жилийн тоглолтын тухайд Город 312, Полина Гагарина, Родион Газманов гэх мэт эх оронч сэтгэлгээтэй уран бүтээлчдийг дэмжиж ажиллах зөвлөмжийг бүс нутгийн телевизийн сувгуудад хүргэв. Төрийн аж ахуйн нэгжүүдэд үнэтэй том хэмжээний баяр ёслол, зардал ихтэй зугаа цэнгэлээс татгалзахыг зөвлөжээ.
Тэгвэл укранчуудын хувьд тог цахилгаангүй болж, баяр ёслолыг харанхуй угтахаар болоод байна. “Путин бидний зул сарыг хулгайлж болохгүй. Хэн ч шинэ жил, зул сарын баярыг цуцлахгүй. Шинэ жилийн уур амьсгал байх ёстой” гэж Киев хотын дарга Виталий Кличко мэдэгдсэн. Тэрбээр Украины нийслэлд гацуур мод босгоно гэж хэлсэн ч эрчим хүчний “YASNO” компани гацуурыг гэрэлтүүлэхгүй гэж хэлжээ.
Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA, CNN
Холбоотой мэдээ