Төрийнхний цалинг нэмэх гэж хувийн хэвшлүүд чардайх ёсгүй

Хуучирсан мэдээ: 2022.12.05-нд нийтлэгдсэн

Төрийнхний цалинг нэмэх гэж хувийн хэвшлүүд чардайх ёсгүй

Төрийнхний цалинг нэмэх гэж хувийн хэвшлүүд чардайх ёсгүй

Төрийн албан хаагчдын цалинг нэмэх талаар Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо /МҮЭХ/ улирал тутамд акц зохиодог гэхэд хилсдэхгүй. Хамгийн сүүлд 2023 оны улсын төсвийг хэлэлцэх үеэр тус холбооны удирдлагууд төрийн албан хаагчдын цалинг 50-иас доошгүй  хувиар нэмэгдүүлэхийг шаардсан. Тодруулбал, 2021, 2022 оны инфляци  болон 2023 оны инфляцыг тооцон төрийн албан хаагчдын цалинг ялгаварлалгүй 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх, төрийн хэмнэлтийг хийхдээ ажилтны эрх ашиг, цалин хөлс, хөдөлмөрлөх нөхцөл, хамтын гэрээ, хэлэлцээрээр шийдвэрлэсэн зардлыг танахгүй байх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 26.2-т заасны дагуу төсвийн байгууллагуудад ХАБ-ын зардлыг тусгах, бага, дунд орлоготой иргэдийн хувь хүний орлогын албан татварыг хөнгөлөх, амьжиргааны доод түвшингээс доогуур орлогтой иргэдийг татвараас чөлөөлөхийг хүссэн.

Үүнээс гадна цахилгаан, дулаан, ус, тээврийн үнийг хэт барих нь тухай салбарын ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллыг сайжруулах боломжгүй байдалд хүрч байгаа тул төрөөс хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байгааг МҮЭХ-ноос илэрхийлсэн.

Шаардлагын хариуд Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд Т.Аюурсайхан төсвийн боломжит нөөц бололцоонд тулгуурлаж инфляцийн түвшинтэй уялдуулан төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлнэ.

Төрийн албан хаагчдын цалин хөлсөд 2023 онд нийт 287.5 тэрбум төгрөг туссан.

Төрийн албанд ажилладаг 208 мянган албан хаагчдын цалингийн сүлжээний ялгааг арилгаж 20 хувь болгосон. Орон нутгийн 123 мянган албан хаагч нарт 20 хувийн нэмэгдэл олгохоор болсон. Мөн төрөөс татаас авдаггүй аймгуудын илүү гарсан төсвийг цалин хөлсөд зарцуулах зохицуулах эрхийг шигтгэсэн. Нийт төрийн албан хаагч нарт удаан жилийн нэмэгдлийг ажилласан жилээс нь хамаарч хувилж олгоно.

Төрийн захиргааны албан хаагчдын цалинг 4-14 хувиар нэмэгдүүлсэн. Төрийн үйлчилгээний 137 мянган албан хаагчдын цалинг 6-8 хувиар нэмэгдүүлэхээр төсөвт тусгасан гэдгийг ч онцолсон.

Угтаа төрийн албан хаагчдад давуу эрх бий болгох нь зохисгүй. Үйлдвэрчний эвлэл нь шаардсан ч харьяа яам нь төрийнхөнд хэт давуу байдал үүсгэнэ гэдэг өрөөсгөл.

НИЙТ АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙН 99 ХУВЬ НЬ ЖДҮ АНГИЛАЛД БАГТДАГ

Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 80 хувь, хөдөлмөр эрхлэлтийн 75 хувь, албан бус эдийн засгийг нийтэд нь хувийн хэвшил бүрдүүлж байна. Нийт аж ахуйн нэгжүүдийн 99 гаруй хувь жижиг, дунд үйлдвэр (ЖДҮ)-ийн ангилалд багтдаг. Ерөнхийдөө Монгол Улс Ази тивдээ хамгийн чөлөөтэй худалдаа, хөрөнгө оруулалтын орчинтойд тооцогдож буй. Бараа, бүтээгдэхүүний зах зээлд төрийн шууд оролцоо бага. Төрийн өмчийн компани цөөн, гэхдээ стратегийн ач холбогдолтой бүх уурхай төрийн өмчийн оролцоотой байхаар хуульчлагдсан онцлогтой. Тиймээс зайлшгүй дэмжлэг шаардлагатай хэсэг бол хувийн хэвшлийнхэн. Гэтэл төрийнхний цалинг нэмэх нэрийдлээр хувийн хэвшлээс авдаг татвар, татаасыг нэмж хөгжих боломжийг хязгаарлах нь жинхэнэ утгаараа төр зах зээлд ноёлохыг эрмэлзэж байгааг харуулж байна.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГААС ИЛҮҮТЭЙ ХУВИЙН ХЭВШЛИЙГ ДЭМЖИХ НЬ ЧУХАЛ

Төр бүх салбарт давамгай оролцоотой байхаас гадна улс төрийн үр өгөөж талаас дэмжлэгийг харж, тодорхойлж байгаа нь бодит зах зээл биш гэдгийг хувийн хэвшлийнхэн, хууль санаачлагчид хэлдэг. Хэдийгээр Монгол Улсад ардчилал 1990 оноос хойш үүссэн ч төр нь хувийн хэвшлээ дэмжихэд хэрэгжилт гарахгүй байгаагаас өнөөгийн харьцангуй нөхцөл байдал үүсэн.

Бодлогын хувьд өнөөгийн байдлыг авч үзвэл хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн татвар, хураамжийн хөнгөлөлт нэг ч байдаггүй.

Хэрэв Монгол Улс зах зээлийн зарчимтай, ардчилсан орон мөн л бол төрийн албан хаагчдаас илүү хувийн хэвшлийнхнээ дэмжиж, чиглэсэн бодлого зохицуулалтыг хийх ёстой. Гэвч МҮЭХ нь ч тэр, Хөдөлмөр нийгэм хамгааллын яам нь ч ялгаагүй төрийн албан хаагчдаа хэт бөөцийлж байгаа нь тэдний цалинг бүрдүүлэгч хувийнхнийг зах зээлээс арчихад хүргэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж