Сурвалжлага: Хаягдал өөхөө тушаагаад оронд ахуйн бараа аваарай!

Хуучирсан мэдээ: 2022.12.05-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Хаягдал өөхөө тушаагаад оронд ахуйн бараа аваарай!

Сурвалжлага: Хаягдал өөхөө тушаагаад оронд ахуйн бараа аваарай!

Айл бүрийн хөргөгчний "мухарт" хоол хийхдээ ялгаж үлдээсэн өөх байдаг нь худлаа биш. Зарим айлууд өөхөө шууд хог болгож хаядаг бол зарим нь хэзээ ч хэрэглэхгүй атлаа хөргөгчиндөө хадгалсаар байдаг.  Үүнээс болоод хаягдал өөх зундаа өмхийрч, байгаль орчныг бохирдуулах нь бий.  Тэгвэл хэрэглэхгүй өөхөө хаяхгүйгээр тушааж оронд нь ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн авах үйлчилгээг нэвтрүүлсэн байна.

“Натурал грасс ланд” ХХК нь /2022.11.26/ -аас “Өөхөө тушаая” аян өрнүүлж эхэлсэн байна. Тус аяны хүрээнд малын гаралтай өөх, тосыг килограмм тутмыг нь 400 төгрөгөөр тооцон авч мөнгөн дүнд нь дүйцүүлэн Монголд үйлдвэрлэсэн ариун цэврийн цаас, хогийн уут, амны хаалт, амны цаас зэрэг ахуйн хэрэглээний барааг өгдөг гэнэ. “Өөхөө тушаая” аяныг анх өнгөрсөн сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Содон хороолол”-д 12:00 цагаас 15:00 цаг хүртэл гадаа талбайд  зохион байгуулж, иргэдээс 1.1 тонн өөх цуглуулжээ. Тэд ажлын өдөр иргэд гэртээ байх нь ховор учир амралтын өдрүүдээр аян өрнүүлж байгаа гэдгээ хэллээ.  Иргэд тус аянд хэр нэгдэж байгаа болоод тухайн авч буй компани юу хийдэг талаар мэдээлэл хүргэх үүднээс өнгөрсөн амралтын өдрөөр тус аяныг өрнүүлж буй газрыг зорьсон юм.

Өнгөрсөн   Бямба /2022.12.03/гаригт гадаах хүйтэн хасах 22 градус зааж байсан ч   “Өөхөө тушаая” аян БЗД-ийн 26 дугаар хороо “Чухаг-2” хотхоны гадаа болж “Натурал грасс ланд” ХХК-ийн ажилчид иргэдээс өөх авч байлаа. Иргэд хөхөө өвлийн хүйтнийг ажрахгүй шинэ үйлчилгээг сонирхож хүлээцтэйгээр дараалал үүсгэн, өөхөө зарахаар зогсож байгаа харагдана. Хажуугаар зөрөх машины жолооч нар цонхоо нээж ямар үйлчилгээ явуулж буй талаар сонирхож, гэртээ ороод өөхөө аваад гарч ирэхээр болов.

Аян зохион байгуулагчид нэг машиндаа өөхөө ачиж, нөгөө машиндаа ахуйн хэрэглээний бараа ачсан байв.  Иргэд өөхөө өгөөд оронд нь ариун цэврийн цаас, хогийн уутаа аваад гэртээ харьцгаана. Иргэд хаягдлаа хэрэглээний бүтээгдэхүүн болгож байгаа явдалд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа.

БЗД-ийн 26 дугаар хорооны иргэн М.Сарангарав хэлэхдээ “Урд нь өөхөө хаядаг байсан бол одоо энэ аянд нэгдээд өөхөө тушааж гэртээ хэрэгтэй бараа бүтээгдэхүүн авч байгаадаа баяртай байна" гэлээ. Харин  БЗД-ийн 26 дугаар хорооны иргэн О.Бадам “Манайх бага насны хүүхэдтэй учир хүүхдүүд өөх идэхгүй ялгаж хаях үе цөөнгүй гардаг. Ихэнх тохиолдолд хоолондоо хэрэглэхгүй ялгаж хэрчээд дараа хэрэглэх мэт санагдаад хөргөгчийн мухарт үлдээдэг ч заримдаа хаяхаас өөр аргагүй болдог.  Өнгөрсөн долоо хоногт цахим хуудаснаа хаягдал өөхийг ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээр сольж авна гэсэн зар хараад гайхаж байсан. Энэ үйлчилгээ маш хэрэгтэй санагдлаа" гэж  сэтгэгдлээ хуваалцав.

Цаг явсаар, хүмүүс өөхөө тушаасаар, оройн 17:00 цаг боллоо.  Тус дүүргийн ойр орчмын иргэд мэдээ сонссон уу, аян зохион байгуулагчид руу утасдан "түр хүлээгээрэй" гэж утсаар ярих нь сонсогдов. Ингээд БЗД-ийн 26 дугаар хорооноос нийтдээ 1,5 тонн өөхийг, хэрэгцээт бараагаар сольж авсан болохоо тооцож гаргалаа.

Тус аяныг санаачлагч Р.Батнасан “Манай компани  малын гаралтай бүх төрлийн өөхийг дахин боловсруулж, техникийн тос үйлдвэрлэх чиглэлээр 2019 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. Өөхнөөс гаргасан техникийн тосоо БНХАУ-руу экспортод гаргадаг. Өөхөө хайлуулаад гарсан шимэлдгийг нь гахайн фермд өгнө. Малын гаралтай бүтээгдэхүүнээс ямар ч хаягдал гардаггүй. Манай компани хог хаягдлыг бууруулах зорилготойгоор л ажиллаж байгаа. Үнийн дүнд дүйцүүлэн өгч буй бараа бүтээгдэхүүн бүгд Монголд үйлдвэрлэгдсэн. Бид хаягдал боловсруулахийн зэрэгцээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжин ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд махны томоохон үйлдвэр, худалдааны төвүүдээр дамжуулан түүхий эдээ авдаг байсан бол цаашид нийслэл, орон нутагт суурин цэг байгуулахаар зорьж байгаа” гэсэн юм.

Энэ долоо хоногийн амралтын өдрүүдээр Дамбадаржаа болон Дарь-Эх гэх газруудад аян үргэлжлэх юм байна.

Б.НАРАНГОО 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж