Европын Хятад асуудал

Хуучирсан мэдээ: 2022.12.05-нд нийтлэгдсэн

Европын Хятад асуудал

Европын Хятад асуудал

Европ нь худалдааны  салбарт Хятадаас улам бүр хамааралтай болж байна. Ковидийн хөл хорионоос болж хаалттай болсон дэлхийн хоёр дахь том эдийн засагт Европын олон шилдэг компаниуд хөрөнгө оруулах хүсэлтэй байна. Гэвч Европын Бээжинтэй харилцах харилцаа таамаглаагүй асуудлуудаас болж мууддаг.

Геополитикийн хурцадмал байдал нэмэгдэж буйгаас Европын холбоо эрсдэлээ бууруулж эхлэх эсэх зарим албан тушаалтнууд талаар ярьж эхэлсэн. Европын зөвлөлийн дарга Чарльз Митчель өнгөрсөн Пүрэв гаригт Хятадын дарга Ши Жиньпинд бараалхаж, дипломат харилцаагаа бэхжүүлэх хэлэлцээ хийх үеэрээ ингэж дүгнэсэн байна.

Бээжин дэх Ардын их хурлын ордонд болсон уулзалтад Ши Жиньпин Митчельд хэлэхдээ, “Хятад улс Европын талтай стратегийн харилцаа холбоо, зохицуулалтаа бэхжүүлэхэд бэлэн байна” гэж Хятадын төрийн CCTV телевиз мэдээлэв.

Дөрвөн жилийн өмнө Европын холбооны ерөнхийлөгч хамгийн сүүлд Ши Жиньпинтэй биечлэн уулзсанаас хойш маш их зүйл болсон. Тэр цагаас хойш Ковид-19 тахал, Оросоос Украинд дайн эхлүүлж, Хятад болон Европын холбооны хууль тогтоогчид нэгнийхээ эсрэг хатуу хориг арга хэмжээнүүд тавьсан зэргээс болж харилцаа хурцадсан. Түүнчлэн АНУ-аас өнгөрсөн аравдугаар сард Хятад руу хагас дамжуулагчийн экспорлохыг  хориглосон бөгөөд Европт шахалт үзүүлж, үүнтэй адил хатуу байр суурь баримтлахыг шаардаж байна.

Митчелийн хэвлэлийн төлөөлөгч Баренд Лейтс өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдэлдээ, Митчелийн айлчлал нь Европ, Хятадад "нийтлэг ашиг сонирхлын" асуудлаар хэлэлцэхэд "цагаа олсон боломж" байсныг мэдээлсэн. Гэхдээ тэрбээр ямар асуудлыг хэлэлцсэнийг тодорхой мэдээллээгүй.

Гэсэн зарим европчууд Хятадтай ойр дотно харилцаатай байхаас болгоомжилж байна. Учир нь ОХУ-тай өнгөрсөн хугацаанд хэт ойртсоныхоо төлөөсийг европчууд одоо төлж эхэлсэн. Эрчим хүчний гол нийлүүлэгч болох Орост дан ганц найдлага тавьж ирснээс болж энэ жил Европын холбоо маш том төлөөс төлсөн.  Улмаар харилцаагаа төрөлжүүлэх нь улс төрийн гол зорилго нь болсон.

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Лхагва гаригт Берлинд болсон бага хурлын үеэр хэлэхдээ, “Зарим улс Оросын байгалийн хийнээс хэт хамааралтай байгаа сургамж нь тус холбоог Хятад гэлтгүй бусад дарангуйлагч орнуудаас хараат байдлаа үнэлэхэд хүргэх ёстой" гэжээ. Германы канцлер Олаф Шольц өнгөрсөн сард Ши Жиньпинтэй уулзахаар бизнесийн шилдэг удирдагчдын хамт Бээжин рүү ниссэнээр эдгээр санаа зовоосон асуудал улам бүр нэмэгдэв. Энэ айлчлал нь АНУ-ын дараа орох хоёр дахь том экспортын зах зээлийг дэмжих зорилготой алхам. Европын холбоо бүхэлдээ ижил бодлогыг баримталж байгаа юм.
Европын бодлогын төвийн туслах захирал Рикардо Борхес де Кастро “CNN Business”-т хэлэхдээ “[ЕХ болон Хятадын хооронд] улс төр, стратегийн төвшинд тулгарсан аливаа асуудал эдийн засгийн түвшинд шилждэг гэсэн.

БҮТЭЛГҮЙТЭХЭД ХЭТЭРХИЙ ТОМ

Хоёр тал хамтын ажиллагаандаа маш их хөрөнгө оруулалт хийсэн. Хятад, Европын бараа бүтээгдэхүүний худалдааны нийт хэмжээ өнгөрсөн онд 696 тэрбум евро буюу 732 тэрбум долларт хүрч, 2019 оныхоос бараг дөрөвний нэгээр өссөн байна. Евростатын мэдээгээр Хятад улс Европын холбооны бараа бүтээгдэхүүний экспортын гурав дахь том улс байсан бөгөөд нийт экспортын 10 хувийг эзэлж байна. Европын хамгийн том импортын эх үүсвэр нь Хятад бөгөөд 2021 онд 22 хувийг эзэлнэ.

Хятад дахь Европын холбооны Худалдааны танхимын (EUCCC) ерөнхийлөгч Йорг Вутке есдүгээр сарын тайландаа "Европын зах зээлийн Хятадын экспортын чиглэлийн ач холбогдол нь европчуудын хувьд Хятадын зах зээлээс хоёр дахин их байна" гэж бичжээ. Борхес де Кастрогийн хэлснээр бол харилцаа нь "бүтэлгүйтэхэд хэтэрхий том" юм. Европ Хятадын ашигтай зах зээлээс салах хүсэлгүй байна гэж тэр нэмж хэлэв.

ХЯТАД БОЛ ЕВРОПЫН ИМПОРТЫН БАРААНЫ ХАМГИЙН ТОМ ЭХ ҮҮСВЭР 

Европын холбоо Хятадаас экспортлохоосоо илүү их бараа импортолж, худалдааны алдагдалтай байдаг. Импорт нь тахлын өмнөх жил буюу 2019 онтой харьцуулахад 30 хувиар өссөн байна.  Улмаар тэрбум еврогоор тооцогдох болжээ. Евростатаас мэдээлснээр хоёр гүрний хооронд худалдаалагдаж буй барааны дийлэнх хувийг машин механизм, тээврийн хэрэгсэл, химийн бодис болон бусад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн эзэлдэг.Европын холбооны Худалдааны танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Адам Даннетт “CNN Business”-т хэлэхдээ "Европын компаниуд энд маш сайн ажилласан бөгөөд урт хугацааны ерөнхий төлөв маш эерэг байна" гэж хэлэв. Мөн тэрбээр Европын компаниудын орлого ирэх арван жилд Хятадад өссөөр байх болно гэж найдаж буйгаа онцлон мэдэгджээ. Европ нь хайбрид болон цахилгаан машин, салхин сэнс үйлдвэрлэхэд шаардлагатай газрын ховор металлын нийлүүлэлтэд Бээжингээс  хамааралтай салбарууд юм. Европын нарны хавтангуудыг мөн ихэвчлэн Хятадад үйлдвэрлэдэг. Гэхдээ эдгээр хамаарлыг хэтрүүлж болохгүй гэж Даннетт хэлэв.

Харин "Хятад улсаас Европт экспортолж буй тавилга, өргөн хэрэглээний бараа гэх мэт өргөн хүрээтэй зүйлсийг  өөр газраас авах боломжтой" гэж тэрбээр хэлэв. Гэсэн хэдий ч АНУ нь Хятадаас гарахын тулд Европт илүү их шахалт үзүүлж магадгүй гэж Борхес де Кастро тэмдэглэв. Вашингтон аравдугаар сарын эхээр Хятадын фирмүүдэд АНУ-д үйлдвэрлэсэн дэвшилтэт чип, чип үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг  худалдахыг хориглосон.

Нидерландын чип үйлдвэрлэгч “ASM International“ компанийн тэргүүн Бенжамин Лох өнгөрсөн Лхагва гаригт “Financial Times” сонинд хэлэхдээ, АНУ-аас Нидерландын засгийн газарт ижил хатуу байр суурь баримтлахын тулд "маш их дарамт шахалт үзүүлж байна". Дарамт шахалт аль хэдийн илэрч эхэлсэн. Герман улс өнгөрсөн сард өөрийн чипний үйлдвэрүүдийнхээ нэгийг аюулгүй байдлын үүднээс Хятадын өмчит технологийн компанид худалдахыг хориглосон юм.

СИСТЕМИЙН ӨРСӨЛДӨГЧ

Брюссель, Бээжин хоёрын эдийн засгийн харилцаа хэдийгээр харилцан ашигтай ч сүүлийн жилүүдэд өөр хэлбэрээр суларсан. Хятадаас өнгөрсөн онд Европын холбоонд оруулсан шууд хөрөнгө оруулалт 2013 оноос хойших хоёр дахь доод түвшиндээ хүрч, 2020 оны дараа л буурсан гэж “Rhodium Group” судалгааны фирм мэдээлсэн. Энэ нь 2016 оноос хойш бараг 78 хувиар буурсан байна.

“Rhodium” группын захирал Агата Кратц “Европ дахь Хятадын хөрөнгө оруулалтын түвшин сүүлийн арван жилийн доод түвшинд байна” гэж Бээжингийн хөрөнгийн хатуу хяналт, ЕХ-ны зохицуулагчид илүү хяналт тавьж байгааг иш татан “CNN Business”-т ярьжээ. Сүүлийн жилүүдэд Хятадаас Европ дахь хөрөнгө оруулалт ихээхэн буурсан байна

Хятадаас Их Британи зэрэг Европ дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт 2016 оноос хойш бараг 78%-иар буурсан нь хоёр талын хяналт шалгалтын үр дүн юм.

ЕХ-ны хийх хөрөнгө оруулалт ч Хятадад илүү төвлөрч байна. 2018-2021 оны хооронд Хятад дахь Европын шилдэг 10 хөрөнгө оруулагчид, тэр дундаа Их Британийн хөрөнгө оруулагчид нь  Ази тивийн нийт хөрөнгө оруулалтын бараг 80 хувийг бүрдүүлсэн гэж “Rhodium” групп мэдээллээ. Германы дөрөвхөн компани буюу Volkswagen (VLKAF), BMW, Daimler (DDAIF) зэрэг автомашин үйлдвэрлэгчид болон химийн үйлдвэрлэлийн аварга компани BASF (BASFY) өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Европын бүх хөрөнгө оруулалтын гуравны нэгээс илүү хувийг бүрдүүлжээ.

Европын холбооны хууль тогтоогчид хүний ​​эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр Хятадын эрх баригчдын эсрэг хориг арга хэмжээ авсны дараа Бээжин, Брюссель хоёрын хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын хэлэлцээр өнгөрсөн онд зогссон юм. Олон жилийн яриа хэлэлцээний үр дүнд 2020 онд зарчмын хувьд тохиролцсон гэрээ нь Бээжингийн татаас нь тэднийг таагүй байдалд орууллаа гэж удаан хугацааны турш гомдоллодог Хятадад үйл ажиллагаа явуулж буй Европын компаниудын нөхцөлийг тэгшитгэх зорилготой юм.

Европын дипломатууд өнгөрсөн дөрөвдүгээр сард Хятад улс нь  ОХУ-ын Украин дахь дайныг үг дуугүй хүлээн зөвшөөрсөн зэрэг “өдөөн хатгасан хүчин зүйлсийн тоо нэмэгдэж” харилцаанд сөргөөр нөлөөлж байна гэж мэдэгдсэн. Тэд Хятадыг "хамтын ажиллагаа, хэлэлцээрийн түнш, эдийн засгийн өрсөлдөгч, системийн өрсөлдөгч" гэж тодорхойлсон.

Даннеттийн хэлснээр Хятад дахь Европын бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн тулгамдсан асуудал бол Ковидыг тэглэх хатуу бодлого юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хятад даяар олон мянган эсэргүүцэгчид гудамжинд гарч, Ковидийн хатуу хоригийг эсэргүүцсэн ховор цуврал жагсаал зохион байгуулав. Үүнээс хойш Шанхай болон бусад томоохон хотуудад зарим хязгаарлалтыг цуцалсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж