Мөн түүнийг буруутгаж байгаа хэргийн тухайд ч мэдээллийг дамжуулсан гэж байгаа боловч авсан гэдгийг нь батлаагүй. Тэгээд ч ээдрээтэй зүйл их байгаа гэнэ. Тухайлбал зургадугаар сарын 3-нд Оросын дипломатчийн цүнхнээс гарсан гэх Хятадын Төрийн зөвлөлийн дарга Вень Зя Баогийн Монголд хийсэн тухай айлчлалын зургадугаар сарын 1-ны уулзалтын мэдээ нь өмнөх өдөр нь бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернэт сайтуудад гарсан байсан. УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн ОХУ-д хийсэн айлчлалын тухай мэдээллийг уг айлчлалын бэлтгэлийн ханган ажиллаж байсан Ц.Жаргалсайханыг өгсөн байж магадгүй гэж хардсан. Гэтэл энэ айлчлалаар ямар ч гэрээ байгуулаагүй, ердийн уулзалтууд байсан. Тэгээд ч гадаад харилцааны яамны ажилтнуудын хувьд айлчлалын бэлтгэлийг хангах ажлаар өч төчнөөн материал хүлээн авч, солилцож байдаг гэж ахмад дипломатч хэллээ. Мэдээлэл дамжуулсан гээд байгаа Оросын гадаад хэргийн ажилтантай Ц.Жаргалсайхан аль эртний бүр гэр бүлийн хэмжээний найзууд. Орос залуугийн аав нь ч мөн дипломат ажилтан, Монголд арав гаруй жил ажиллаж амьдарсан, Д.Цахилгаан гуайн өөрийнх нь найз. Энэ ч утгаараа Ц.Жаргалсайхан орос залуу хоёр найзууд, уулзаж ярилцаж, чаатладаг байсан.
Гэтэл чаатын хүн болгоны мэддэг товч хэллэгийг ч тагнуулын хэлээр ярьж байна гэж хардсан. Мөн орос залуугийн эхнэр, Ц.Жаргалсайханы эхнэрт хүзүүний зүүлт бэлэглэсэн, Ц.Жаргалсайхан хоёр сим хэрэглэдэг утас авсныг тагнуулын зорилготой байсан гэж, уг утсаа зараад хүүхдийнхээ сургалтын төлбөрт өгөх гээд сейфэндээ хадгалж байсан 400 ам.долларыг ч мөн сэжүүр болгож байсан гэнэ. Түүнээс гадна орос найз нь Монголын талаар судалгааны материал хийж байгаа бөгөөд зарим зүйлийг Ц.Жаргалсайханаар орчуулуулдаг байсан. Ийнхүү орчуулга хийснийхээ шагналыг авч байгааг дүрсээр баримтжуулсныг тагнуулын ажил хийсний хөлс авсан болгосон гэсэн олон анхаарал татам баримтыг Д.Цахилгаан хэлж байлаа. Тэрбээр хүүгээ нотолгоогүй хилс хэрэгт шийтгэгдсэн гэж үзэж байгаа бөгөөд үүнд олон улсын болон Монголын хүний эрхийн байгууллагууд, төрийн өндөрлөгүүд анхаарлаа хандуулаасай гэж хүсч байгаагаа илэрхийллээ.
А.Алт