Тойм: Ерөнхийлөгчийн айлчлалтай долоо хоног

Хуучирсан мэдээ: 2022.12.04-нд нийтлэгдсэн

Тойм: Ерөнхийлөгчийн айлчлалтай долоо хоног

Ньюс агентлаг энэ долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


ТӨМӨР ЗАМЫН КОМПАНИУДЫГ ТАТАН БУУЛГАЖ, НЭГТГЭВ

Засгийн газрын ээлжит хуралдаан Лхагва гаригт /2022.11.30/ болж хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн. Монголд Улаанбаатар төмөр зам, Монголын төмөр зам, Тавантолгой төмөр зам, Зүүнбаян төмөр зам гэх мэт компаниуд хэд хэд бий болсон. Ингэж байгуулсны хор уршгаар тухайн салбар нь хөгжиж чадахгүй байна гэж үзээд төмөр замын компаниудыг нэгтгэж, Тавантолгой төмөр замын удирдлагын эрх мэдлийг Монголын төмөр замд шилжүүлэх шийдвэрлэсэн. Өмчлөлийнхөө хувьд 66 хувь нь "Эрдэнэс Тавантолгой"-н мэдэлд, 34 хувь нь Монголын төмөр замын мэдэлд байх аж.

Түүнчлэн Зүүнбаян төмөр зам компанийг байгуулж, үүргээ гүйцэтгэсэн гэж үзэн татан буулгахаар шийдвэрлэжээ. Цаашдаа энэ компанийн удирдлага менежментийн үйл ажиллагааг Монголын төмөр замд 100 хувь шилжүүлсэн байна. Ийнхүү  2023 оны нэгдүгээр сарын 1-нээс Зүүнбаян төмөр зам татан буугдаж, Монголын төмөр зам ХХК-д шилжинэ.


КАЗИНО БАЙГУУЛЖ, САЯ ЖУУЛЧИН АВАХААР ХЭЛЭЛЦЭВ

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороодоор хэлэлцлээ. Энэ үеэр Хууль зүйн сайд Х.Нямбаатар жуулчдыг татах зорилгоор Монгол Улсад казино байгуулах асуудлыг ярьсан юм. Тодруулбал, Аялал жуулчлалын санг байгуулж, казиногийн онцгой албан татварын 5 хувь, морин бооцоот уралдааны орлогын албан татварын 5 хувь, Иргэний нисэх тухай хуульд заасан аялал жуулчлалын навигацийн үйлчилгээний орлогын 20 хувиас дээрх сангийн орлогыг бүрдүүлнэ гэв.

Мөн дээрх сан дараах дөрвөн зүйлд мөнгөө зарцуулна. Нэгдүгээрт, агаараар зорчигч тээвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, хоёрдугаарт, аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулах, шинэ аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэх, гуравдугаарт, гадаад дотоодод Монгол Улсыг сурталчлах үйл ажиллагаанд, дөрөвдүгээрт, аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэхэд сангийн мөнгийг зарцуулах аж.

Монголд казино байгуулах асуудал олон жилийн өмнөөс яригдаж байгаа ч олон болгоомжлол, саад бэрхшээлийн улмаас өнөөдрийг хүртэл биелээгүй явж ирсэн.


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ХЯТАД, ЯПОН УЛСАД АЙЛЧЛАВ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх урд хөрш Хятад болон чухал хандивлагч орон болох Япон улсад төрийн айлчлалыг энэ долоо хоногийн эхээр хийсэн. Хятад улсад хийсэн айлчлалын үеэр нүүрсний тээвэрлэлт, төмөр замын асуудал болон свот хэлэлцээ байгуулах зэрэг олон чухал асуудлыг шийдвэрлэсэн. Тэрбээр Бээжин хотоос шууд Япон улс руу ниссэн юм.

Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  Токиод төрийн айлчлал хийсэн. Энэ нь Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд 2010 оноос хойш 12 жилийн дараа Япон Улсад хийсэн төрийн айлчлал гэдгээрээ анхаарал татсан. Айлчлалаар Монгол, Японы харилцааг гүнзгийрүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх, хоёр улсын хагас зуун жилийн хамтын ажиллагааг дүгнэж, ирэх 50 жилд хөгжүүлэх хэтийн төлөв, чиглэлийг тодорхойлосон гэж мэдээлсэн.

 


2000 ТОННЫ ШАТАХУУНЫ НӨӨЦИЙН САВ ШАТАВ

Дархан-Уул аймагт арванхоёрдугаар сарын 2-нд “Тэс петролиум” компанийн 2000 тонны шатахууны нөөцийн сав шатсан том осол гарсан. Аймгийн Засаг дарга Б.Азжаргалын мэдээлснээр шатахууны агуулахад гурван хүн ажиллаж байсны нэг  нь эмнэлэг рүү явж байхдаа нас барсан бол хоёр хүнийг эрэн хайх ажил үргэлжилж байна.

Шатахуун түгээх станцын нөөцийн 2000 тонны, дотроо 650 орчим литр шатахуунтай сав дэлбэрсэн. Шаталт үүссэн сав онолоор 10-12 цагийн хугацаанд шатаж дуусах тооцоотой байсан бөгөөд ямартай ч галыг найман цагийн  дотор унтраасан гэв.


ЭРС ХҮЙТЭРСНЭЭС ТӨӨРЧ, ЦАСАНД СУУСАН 37 ИРГЭНИЙГ АВРАВ

Монгол Улсын ихэнх нутаг, Улаанбаатар хотод энэ долоо хоногийн эхээр гурав хоног  хүйтний эрч эрс чангарсан. Энэ үеэр иргэд төөрч, осгох аюултай тулгарсан. Тухайлбал, Нийслэлийн онцгой байдлын газраас төөрсөн, цасанд суусан гэх 37 иргэнийг осгохоос сэргийлж аварсан байна.

Цаг уур орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр Төв Сибирийн бүсээс хүйтэн агаарын урсгал орж ирж буй тул арваннэгдүгээр сарын 28-наас ихэнх нутгаар эрс хүйтэрч, цас орсон. Тодруулбал, арваннэгдүгээр сарын  28, 29-ний шөнө хамгийн хүйтэн байж,  Туул гол орчим, Яармаг-Сонгинын  бүсэд -40 хэм, хотын төв орчимд -30-33 хэм хүрч хүйтэрсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж