Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын дарга асан Со Хуныг өчигдөр өглөө баривчилжээ. Түүнийг 2020 онд хоёр Солонгосын хилийн усан бүсэд Пёньяны цэргүүдэд алуулсан байцаагчийн хэргийг нуун дарагдуулсан хэргээр мөрдөн шалгаж байгаа аж.
Хөх ордны тэргүүн Юн Сук Ёл нь уг хэргийг шийдвэрлэхдээ өмнөх Засгийн газар нуун дарагдуулах ажиллагаа явуулсан гэж үзэн мөрдөн шалгах ажиллагааг дахин эхлүүлснээр олон хүнийг баривчлан саатуулсан. Өмнөд Солонгосын өмнөх засгийн газар нь Пёньянтай харилцаагаа сайжруулахын тулд уг хэргийг нуун дарагдуулсан гэж Юн Сук Ёл үзэж байгаа юм.
Сөүл хотын төв дүүргийн шүүхийн шүүгч Ким Жон Миний шийдвэрээр Үндэсний аюулгүй байдлын дарга асан Со Хуныг нотлох баримтыг устгахыг оролдож магадгүй гэж үзээд баривчилсан байна. Со Хуныг баривчлах үеэр сэтгүүлчид түүнээс зарим зүйлийг тодруулахыг хичээсэн боловч тэрбээр хариулт өгөөгүй гэнэ.
Өмнөх ерөнхийлөгч Мун Жэ Иний хувьд уг мөрдөн шалгах ажиллагааг хүчтэй эсэргүүцэж, одоогийн төрийн тэргүүн Юн Сук Ёлыг үндэслэлгүйгээр хэрэг үүсгэж, аюулгүй байдлын чухал асуудлыг улстөржүүлж байна гэж мэдэгджээ.
Загас агнуурын байцаагч, 47 настай И Дэ Жүний завь 2020 оны есдүгээр сард хоёр улсын баруун усан хил рүү туугдаж орсны дараа Хойд Солонгосын цэргүүд түүнийг буудаж хөнөөсөн. Гэвч Мун Жэ Иний засгийн газраас мэдээлэхдээ, Хойд Солонгос руу урвах гэж яваад алуулсан мэтээр мэдээлсэн бөгөөд мөрийтэй тоглоомоос болж их хэмжээний өрөнд орж, гэр бүлийн асуудалтай байсныг тодотгосон.
Гэвч Өмнөд Солонгосын Хяналт шалгалтын зөвлөлийн дүгнэлтэд И Дэ Жүнд Пёньян руу дүрвэх зорилготой байсныг гэрчлэх ямар ч нотлох баримт байгаагүй гэж тусгажээ. Батлан хамгаалахын сайд, эргийн харуулын албанаас өнгөрсөн зургадугаар сард уг хэргийг шийдвэрлэсэн Мун Жэ Иний өмнөх засгийн дүгнэлтийг өөрчилж, И Дэ Жүнийг эх орноосоо урвахыг оролдсон гэх ямар ч дүгнэлт байхгүй гэж мэдэгдсэн.
Түүнчлэн Со Хун нь өмнөх ерөнхийлөгч Мун Жэ Иний засгийн газарт Тагнуулын газрын даргаар ажиллаж байгаад И Дэ Жүний хэргээс хоёр сарын дараа Үндэсний аюулгүй байдлын дарга болж дэвшсэн аж.
Түүнийг Засгийн газрын хуралдааныг ашиглаж, И Дэ Жүний үхэлтэй холбоотой тагнуулын бүртгэлийг устгахыг албаны хүмүүст даалгасан гэж харджээ. Харин Мун Жэ Иний Ардчилсан намаас Со Хуны баривчилгааг шүүмжилж, хэрэгтэй холбоотой бүх баримтыг Юн Сук Ёлын засгийн газарт хүлээлгэж өгсөн учраас нотлох баримтыг усгахыг оролдох гэдэг нь үндэслэлгүй гэж мэдэгджээ.
Үүний зэрэгцээ 2019 онд Хойд Солонгосын хоёр загасчныг Сөүлд суурьших хүслийг нь үл харгалзан Пёньян руу буцаасан гэх хэргийг мөн мөрдөн шалгаж эхэлсэн байна.
Үндэсний тагнуулын газраас өнгөрсөн долдугаар сард Со Хуны дараа Үндэсний аюулгүй байдлын даргаар ажилласан Пак Жиэ Воныг дээрх хоёр хэрэгт баримт, мэдээллийг устгаж, хуурамчаар баримт үйлдсэн гэж үзэн хэрэг үүсгэсэн. Пак Жиэ Воныг энэ хэргээс үүдэн өнгөрсөн тавдугаар сард албан тушаалаас нь буулгасан юм.
Мун Жэ Ин нь Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай 2018 онд гурван удаа уулзаж, хэлэлцэн, хоёр орны харилцааг сайжруулахын хичээсний зэрэгцээ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай хийх уулзалтыг зуучилсан юм. Трамп, Ким Жон Ун нарын хоёр дахь уулзалт 2019 онд Вьетнамд болсноос хойш дипломат харилцаа огт сайжраагүй.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ