Ираны 22 настай бүсгүй Махса Аминиг толгойн алчуураа буруу зүүсэн гэх шалтгаанаар "ёс журмын" цагдаа нар баривчилсны дараа амиа алдсан нь орон даяар бослого, тэмцлийг өдөөсөн. Бүсгүй өнгөрсөн есдүгээр сарын 16-нд нас барснаас хойш өнөөдрийг хүртэл иранчуудын тэмцэл сулраагүй, шашны бурангуй үзлээ өөрчилж, илүү эрх чөлөө олгохыг шаардсаар буй.
Тэгвэл энэ тэмцэл Ираны хэт хуучинсаг исламын засгийн газарт хүрч, зарим үр дүнд хүрч эхэллээ. Тухайлбал, Ираны парламент болон хуульчид эмэгтэйчүүдийн толгойн алчуур зүүх тухай хуульд өөрчлөлт оруулахаар хэлэлцэж эхэлсэн байна. Одоогоор хуулийг хэрхэн өөрчилж байгаа нь тодорхойгүй ч парламентын соёлын комисс хуралдаж эхэлсэн талаар тус улсын Ерөнхий прокурор Мухаммад Жафар Монтазери мэдэгджээ. Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси өчигдөр мэдэгдэхдээ, "Исламын Бүгд Найрамдах Иран Улсын үндэс суурь нь Үндсэн хуульд нийцсэн. Гэхдээ Үндсэн хуулийг хэрэгжүүлэх арга барил нь уян хатан байж болно" гэж мэдэгджээ.
Иранд 1979 оны "Исламын хувьсгал"-аас дөрвөн жилийн дараа 1983 оны дөрөвдүгээр сард бүх эмэгтэйчүүдийг хижаб буюу толгойн алчуурыг заавал зүүхийг хуульчилсан.
Эсэргүүцлийн жагсаал анх эмэгтэйчүүд толгойн алчуураа тайлан шатааж, үсээ тайрснаар эхэлсэн бөгөөд богино хугацаанд орон даяар хөдөлгөөн өрнөж, Ираны засгийн газрын эсрэг бослого болон хувирсан.
Ираны ард түмний эсэргүүцэл, тэмцэлд Тегераны эрх баригчид АНУ болон түүний холбоотон Их Британи, Израиль, Курдын бүлэглэлүүдийг буруутгаж буй. Ираны хувьсгалыг хамгаалах хүчнээс энэ долоо хоногт анх удаа мэдээлэл өгөхдөө, эсэргүүцлийн тэмцлийн улмаас 300 гаруй хүний амь үрэгдсэн гэж мэдэгджээ. Мөн Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлөөс өчигдөр мэдээлэхдээ, бослогын үеэр амь үрэгдсэн хүний тоо 200 давсан гэв. Харин Ираны хүний эрхийн байгууллагаас мэдээлснээр аюулгүй байдлын албаныхны жагсаалыг дарах оролдлогын улмаас 448 хүн амь үрэгдсэн гэжээ. Мөн НҮБ-ын хүний эрхийн байгууллагын даргын мэдээллээр Иранд 14 мянга гаруй хүнийг баривчилж, хорьсоны дунд хүүхдүүд ч байгаа гэнэ.
ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE
Холбоотой мэдээ