“Катар-2022” ДАШТ-ий шөвгийн 16-ийн эхний хоёр тоглолт боллоо.
НИДЕРЛАНД 3 – 1 АНУ
Шөвгийн наймд шалгарсан хамгийн эхний багаар Нидерланд тодорлоо. Тэд Мемфис Депай, Дали Блинд, Дензел Дюмприс нарын гоолын ачаар залуу бүрэлдэхүүнтэй АНУ-ыг хожив. Тоглолт эхлээд удаагүй байхад Пулишичид гоол оруулах боломж олдсон ч тэрбээр ашиглаж чадсангүй.
Улмаар Депай, Блинд нар гоолдож, эхний үед Нидерланд давамгайлсан. Харин хоёрдугаар үед АНУ-ын довтолгоо эрчимжсэн. Гоол оруулах олон сайхан боломж үүсгэн эцэст нь Хажи Райт тооны харьцааг 2-1 болгож, багаа сэргээв. Гэвч энэ өдөр гайхалтай байсан Дюмприс АНУ-ын найдварыг үгүй хийж, тооны харьцааг 3-1 болгон эцсийн цэгийг тавьжээ.
Энэхүү тоглолтын шилдгээр Дензел Дюмприс тодров.
АРГЕНТИН 2 – 1 АВСТРАЛИ
Мессигийн мэргэжлийн хөлбөмбөгийн 1000 дахь тоглолт ялалтаар өндөрлөлөө. Мөн тэрбээр нэгдүгээр үед багтаа тэргүүллийг авчирсан чухал гоолыг оруулсан юм. Харин хоёрдугаар үед Алварез нэмж гоолдон баг нь 2-0 гэсэн харьцаатай тэргүүлж эхэлсэн. Австралийн арын хамгаалалтын маш том алдааг тэр ашиглаж чадсан.
Гэтэл Австралийн шигшээ баг бууж өгөхийг хүсээгүй. Тэд ээлж дараалан боломж үүсгэж байсан нь үр дүнгээ өгч, 77 дахь минутад Фернандез өөрийн хаалгандаа гоол оруулжээ. Уг нь тэрбээр бөмбөгийг хаах гэж байсан ч түүнд ойсон бөмбөг хаалганд оров.
Гоол орсны дараа Австралийн довтолгоо улам эрчимжсэн. Эхний аюултай довтолгоог нь Лисандро Мартинез зогсоосон бол тоглолтын төгсгөлд Эмилиано Мартинез тун чухал хаалтыг хийж, эх орон, ард түмнээ баярлуулсан.
Энэ өдөр Аргентинаас Лаутаро Мартинез гоол оруулах сайхан боломжуудаа салхинд хийсгэсэн.
Тус тоглолтын шилдгээр Лионель Месси тодорсон.
Шөвгийн наймд Аргентин болон Нидерландын шигшээ багууд хоорондоо таарлаа.
Холбоотой мэдээ