“Катар-2022” ДАШТ-ий хасагдах шатны 16 багийн тоглолт өнөөдөр/2022.12.03/ эхэлж байна. Хасагдах шатыг нээж, АНУ-Нидерланд гэсэн тулаан болно. Тоглолт 23.00 цагаас Катарын Халифа олон улсын цэнгэлдэхэд эхлэх товтой.
АНУ-ын тухайд багийнх нь гол тоглогч Кристиан Пулишич энэхүү тоглолтод оролцох сайн мэдээ байна. Түүний хувьд хэсгийн шатны сүүлийн тоглолтод Ираны эсрэг хожлын гоол оруулсан ч бэртэл аван талбайг чөлөөлсөн билээ. Дээрх хоёр баг түүхэндээ нийт таван удаа учраа таарахад Нидерланд дөрөвт нь ялалт байгуулжээ. Хамгийн сүүлд 2015 оны зургадугаар сард тоглоход АНУ 3-4 гэсэн харьцаатай ялж байв.
Тоглолтын өмнө Нидерландын дасгалжуулагч Луи ван Гаал “АНУ бол маш нягт, сайн бүрэлдэхүүнтэй баг. Би тэднийг энэ тэмцээний шилдэг багуудын нэг гэж хэлж чадна. Гэхдээ энэ нь тэд бидний давж чадахгүй даваа гэж хэлж чадахгүй. АНУ-ын хөлбөмбөг хурдацтай хөгжиж байна. Тэдэнд Европын томоохон клубуудэд тоглодог тамирчид бий. Тэд биеийн хүч сайтай, эрч хүчтэй баг. Тэдний үр дүнгээс л харахад ямар хүчтэй баг гэдгийг нь хэлж болно. Гэхдээ бид тэднийг ялахын тулд бүхнийг хийнэ” гэлээ.
Харин АНУ-ын дасгалжуулагч Грегг Берхалтер “Бид энэ ДАШТ-ийг АНУ-д хөлбөмбөг хурдацтай хөгжихөд ашиглах түлхүүр болох хариуцлагыг мэдэрсэн. Тиймээс аяллаа үргэлжлүүлэхийг хүсч байна. Цаашид сайн байж, ард түмнийхээ бахархлыг төрүүлмээр байна. Хоёр багийн хооронд сайхан түүх бий. Гэхдээ энэ бүхэн ажил шүү дээ” гэв.
Тоглолтын талаарх мэдээлэл
- Нидерланд ДАШТ-ий шөвгийн 16-д хийсэн сүүлийн таван тоглолтынхоо дөрөвт нь ялжээ.
- АНУ ДАШТ-ий хүрээнд Европын багуудын эсрэг хийсэн сүүлийн 11 тоглолтдоо нэг ч ялаагүй. Одоогоор таван удаа тэнцэж, зургаан удаа ялагджээ.
- АНУ ДАШТ-ий шөвгийн 16-д хийсэн сүүлийн хоёр тоглолтдоо нэмэлт цагт хожигджээ. Тодруулбал, 2010 онд Ганад, 2014 онд Бельгид.
Холбоотой мэдээ