“Катар-2022” ДАШТ-ий хэсгийн 48 тоглолтууд болж, хасагдах шатны тун хариуцлагатай тоглолтууд өнөөдөр/2022.12.03/ эхэлж байна. Үүнтэй холбогдуулан хэсгийн шатны онцлох таван тоглолтыг таван бүхэндээ хүргэе.
ЯПОН 2 – 1 ИСПАНИ
Хэсгийн эхний тоглолтдоо Германыг хожсон япончууд хоёр дахь тоглолтдоо Коста Рикад хожигдож, хөгжөөн дэмжигчдээ гонсойлгосон. Ингэснээр сүүлийн тоглолтдоо Испанийг заавал хожиж байж дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авах байв. Тэд ч даалгавраа амжилттай биелүүлж, 0-1 гэж хожигдсон тоглолтдоо эргэн ирэн 2-1 гэсэн харьцаатай ялалт байгуулсан. Улмаар Герман хэсгээсээ гарах боломжгүй болсон билээ.
Испанитай хийсэн тоглолтод Хажимэ Морияасүгийн залуус тоглолтыг хоромхон зуурт өөрчилж, олдсон боломжуудаа ашиглаж чадсан. Эхлээд Рицү Доаны гайхалтай цохилт тооны харьцааг тэнцүүлж, дараа нь Ао Танакагийн гоол япончуудад баяр баясал бэлэглэв. Мөн тоглолтын төгсгөлд хаалгач Шүичи Гонда Дани Олмогийн аюултай довтолгоог хааж, багтаа том тус хүргэсэн.
АРГЕНТИН 1 – 2 САУДЫН АРАБ
Аргентин энэ дэлхийн аваргын фаворит багаар хүрэлцэн ирсэн. Гэвч тэд эхний даваандаа Саудын Арабд бүдэрчихсэн. Тоглолт эхлээд удаагүй байхад Лионель Месси гоол оруулж, багтаа тэргүүллийг авчирсан. Мөн Аргентин эхний үед нэмж гурван гоол оруулсан ч отон байсан учир тооцоогүй. Харин завсарлагааны дараа Саудын Араб жинхэнэ тоглолтоо гаргасан. Хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад Салех Алшехри гоолдож, тоглолт тэнцсэн. Дараа нь Аргентин арын шугамдаа алдаа гарган Салем Алдавсаригийн гайхалтай цохилт хаалганы торыг хөдөлгөсөн. Ийнхүү үлдсэн хугацаанд нягт хамгаалж, Мессигийн Аргентиныг буулган авсан билээ.
ГЕРМАН 1 – 2 ЯПОН
Япон энэ ДАШТ-ий шигтгээ нь болсон. Тэмцээний өмнө нь ч тэндийг гэнэтийн бэлэг барих битүү морьд гэж мэргэжилтнүүд үзэж байв. Хувь тоглогч бус бүтэн багийн тоглолтыг эрхэмлэдэг, үзүүлдэг тэд хүчирхэг Германыг 2-1 гэсэн харьцаатай хожсон. Тоглолтын эхний гоолыг германчууд торгуулийн цохилтоос оруулсан. Ерөнхийдөө тоглолтын агуулга Германы талд байлаа. Гэхдээ төв болон хамгаалалтын шугам нь үе үе алдаа гаргасан. Олон хавар нэгэндээ гэгчээр хоёрдугаар үеийн 75 болон 83 дахь минутуудад Рицү Доан, Такүма Асано нар дараалан гоолдож, тэд 2014 оны дэлхийн аваргуудыг өвдөг шороодуулсан юм.
КАМЕРУН 3 – 3 СЕРБИ
Тэмцээний нээлтийн тоглолтдоо хожигдсон хоёр баг аяллаа цааш үргэлжлүүлэхийн төлөө хоёрдугаар тойрогт учраа таарсан. Тоглолтын эхний гоолыг Камерунаас Жан-Чарлес Кастеллето оруулсан ч нэгдүгээр үеийн төгсгөлд Сербиэс Страхиния Павлович, Сергей Милинкович-Савич нар гоодсон. Хоёрдугаар үед эхлээд удаагүй байхад Сербиэс Александр Митрович дахин гоолдож, тэд 3-1 гэсэн харьцааатай тэргүүлж эхлэв. Ер нь Сербийг хожчихлоо гэж олон хүн бодсон байх. Гэтэл 63, 66 дахь минутуудад Камерунаас Винцент Абубакар, Эрик Максим Чупо-Мотинг нар гоол оруулж, тооны харьцаа 3-3 гэж тэнцсэн.
ӨМНӨД СОЛОНГОС 2 – 1 ПОРТУГАЛ
Өмнөд Солонгос хэсгийн сүүлийн тоглолтдоо заавал хожиж байж, дараагийн шатанд шалгарах байлаа. Гэхдээ тэдний давах ёстой даваа нь Роналдотой Португал байсан. Тоглолтын эхний гоолыг тоглолт эхлээд удаагүй байхад Португалаас Рикардо Хорта оруулав. Гэтэл нэгдүгээр үеийн 27 дахь минутад Ким Ян Гвон гоол оруулж, багаа тоглолтод үлдээсэн. Улмаар 90+1 дэх минутад Хван Хи-Чан гоол оруулж, солонгосчууд дараагийн шатанд шалгарсан.
Холбоотой мэдээ