Монгол Улсын агаарын тээвэр хоёр “Airbus” онгоцтой боллоо

Хуучирсан мэдээ: 2022.12.03-нд нийтлэгдсэн

Монгол Улсын агаарын тээвэр хоёр “Airbus” онгоцтой боллоо

Монгол Улсын агаарын тээвэр хоёр “Airbus” онгоцтой боллоо

Монгол Улсын Засгийн газраас 2023- 2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, агаарын тээврийн салбарыг либералчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг зорилго, зорилтуудыг тавин ажиллаж байгаа энэ онцгой цаг үед эдгээр агаарын хөлгүүдийг нислэг үйлдвэрлэлд ашигласнаар иргэний нисэх, зорчигч тээврийн үйлчилгээнд чухал дэвшил үзүүлэх юм. Монгол Улсад өмнө нь AIRBUS маягийн агаарын хөлөг ашиглаж байсан ч зөвхөн ачаа тээврийн зориулалтаар ашиглаж байсан юм.

Үндэсний агаарын тээврийн түүхэнд нэгэн онцгой хуудас нэмж, “Монголиан Эйрвэйс” компанийн AIRBUS A330-200, A320-200 маягийн агаарын хөлгүүд өчигдөр (2022.12.02) “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардав. Тус компани мэргэжлийн өндөр хариуцлага, сахилга батыг дээдлэн, зорчигчдын аюулгүй байдал, тав тухыг эрхэмлэн, хөгжлийн шинэ шат руу алхаж, ийнхүү шинэхэн агаарын хөлгүүдээ хүлээн авчээ.

Тус агаарын хөлгүүдээр Берлин, Москва, Екатеринбург, Сингапур, Үрэмч, Шанхай зэрэг Ази, Европын агаарын тээврийн зангилаа хотууд руу нислэг үйлдэх юм байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт агаарын хөлгүүдийг хүлээн авах ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдөр Монгол Улсад томоохон түүхэн үйл явдал болж байна. Иргэний агаарын тээврийн салбар 47 агаарын хөлөгтэй байсан бол 49 болж, дунд оврын болон том оврын хоёр агаарын хөлөг нэмэгдлээ. Энэхүү түүхэн үйл явдалын эзэн болж байгаа "Монголиан Эйрвэйс" компанийн хамт олонд болон нийт агаарын тээврийн салбарынхандаа талархал илэрхийлж, баяр хүргэх ёстой. Энэ бол маш том зориг, маш их хүч хөдөлмөр.

Миний бие Зам тээврийн хөгжлийн сайдаар томилогдоод, агаарын тээврийн салбарт либералчлал хийе, үндэсний агаарын тээвэрлэгч компаниудаа дэмжиж, тэгш боломж олгоё гэж хэлж байсан. Өнөөдөр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа таван агаарын тээврийн компани нэгдэж, нийлж, хамтарч ажиллаж байгаад баяртай байна. Одоо хил хязгааргүй нисэх хэрэгтэй, ур чадвараа харуулах хэрэгтэй. Монголынхоо иргэдэд дэлхийн бусад орны жишгээр тав тухтай, аюулгүй нислэгээр зорьсон газарт нь саадгүй хүргэх хэрэгтэй. Бидний зүгээс агаарын тээврийнхэнээ бүх талаар дэмжинэ” гэж онцлон хэлэв.

“Mongolian Airways” компанийн захирал Ч.Хоролсүрэн “Миний 20 жилийн мөрөөдөл өнөөдөр биелж байна. Гэрээ хийгдсэнээс хойш зургаан сар хүлээсний эцэст агаарын хөлгүүдээ хүлээн авлаа. Дэлхийн томоохон агаарын тээвэрлэгч нар бүгд AIRBUS-аар нислэг үйлдэж байгаа. Бид дэлхийн жишигт нийцэж, салбартаа болжмор биш бүргэд байхын төлөө улам их хичээх болно” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж