Нийслэлийн 2023 оны төсвийг батлав | News.MN

Нийслэлийн 2023 оны төсвийг батлав

Нийслэлийн 2023 оны төсвийг батлав

Нийслэлийн 2023 оны төсвийг батлав

НИТХ-ын ээлжит XVI хуралдаанаар Нийслэлийн 2023 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Энэ үеэр Нийслэл дэх Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор М.Эрдэнэжаргал 2023 онд төсвийн орлогоо нэмэгдүүлэх, зарлагыг бууруулах аудитын дүгнэлтийг танилцуулсан. Тэрбээр “Ирэх оны төсвийн төсөлд татварын орлогыг нэмэгдүүлэх хүрээнд нийслэлийн есөн дүүргийн татварын мэдээллийн санд бүртгэгдээгүй үл хөдлөх хөрөнгийг бүртгэлжүүлж, татварын суурь баазыг нэмэгдүүлэх, нийслэлийн өмчийн байруудыг НИТХ-аар баталсан тарифаар түрээслэх зэргээр орлого төвлөрүүлж болно. Мөн тэвчиж болох зардлуудыг танах боломжтой” хэмээсэн юм.

НИТХ-ын хороод болон намын бүлгийн хуралдаануудаар Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг хэлэлцсэний дүнд гаргасан санал, дүгнэлтүүдийг мөн танилцуулсан. Тухайлбал, НИТХ дахь МАН-ын бүлгээс Сэлбэ голын төслийн нэгжтэй холбоотой 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дэмжихгүй байх улс төрийн шийдвэр гаргасан байна. Ардчилсан намын бүлгээс татварын бус орлогыг нэмэгдүүлэх чиглэлд гэр хорооллын газартай уялдуулан үнэт цаас гаргах, төр захиргааны шинэ байрыг худалдан борлуулж, замын түгжрэлийг бууруулахад зарцуулах, чиг үүрэг давхардсан орон нутгийн өмчит газруудыг татан буулгах, нэгтгэх зэргээр зардлыг бууруулах саналтайгаа онцлов. Хуралдаанаар эдгээр санал, дүгнэлтийг төсвийн төсөлд тусгах, эсэх дээр санал хурааж шийдвэрлэсэн юм. Нийслэлийн 2023 оны төсөв батлах тогтоолын төсөл гаргаж санал хураан, олонхын саналаар баталлаа.

2023 оны төсвийн орлогын төлөвлөгөө 2022 оныхоос 2.2 хувиар, хүлээгдэж буй гүйцэтгэлээс 13.1 хувиар, 2021 оны гүйцэтгэлээс 46.7 хувиар өссөн дүнтэй гарч байна. Харин зардлын хувьд Нийслэлийн 2023 төсвийн төсөлд урсгал зардлаас гадна нийтийн тээврийн парк шинэчлэл, тойрог замын бүтээн байгуулалт, дөрвөн байршлын 10.2 км гол гудамж, зам, 930 метр урттай гүүрний барилга, есөн байршлын 12.3 км туслах зам, 30 метр урттай гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалт, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд багтжээ.

Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг боловсруулахдаа татварын бүртгэлийг сайжруулах, цахимжуулах, цахим төлбөрийн баримтын системийг үе шаттай хөгжүүлэх замаар далд эдийн засгийг бууруулах, татварын суурийг өргөжүүлэх, төсвийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх үндсэн бодлогыг баримталсан байна. Мөн төсвийн бүх шатны байгууллага, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд Төрийн хэмнэлтийн тухай хуулийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, санхүүгийн сахилга батыг мөрдөх юм.

Мөн хуралдаанаар НИТХ-ын 2022 оны 65-р тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах, Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай, Хувьчлалын жагсаалтаас хасах тухай, Ашиг орлогын хуваарилалт тогтоох, газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах зэрэг асуудлыг хэлэлцэж, тогтоолын төсөл гарган шийдвэрлэлээ. Тухайлбал, Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд таван бүлгийн 23 дэд бүлэгт хамаарах 1369 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан. Арванхоёрдугаар сарын 1-ний байдлаар хэрэгжилт 91 хувьтай байна. Мөн Нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дөрвөн бүлгийн 19 дэд бүлэгт хамаарах 856 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн эзэмшиж буй газраас НЗДТГ-ын нэр дээр шилжүүлсэн 10.2 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг хэлэлцэн батлав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2022-12-03 64.119.18.30

Нийслэлийн хулгайч дарга, иргэдийн хурлын төлөөлөгч нар төсвөө батлуулж, хэн нь хэдэн төгрөгний тендер зохицуулах, хэн нь хэдэн төгрөгний төслө арга хэмжээгээ хувааж авахаа тохиролцоод баяраа хийж хундага тулгаад эхэллээ дээ, хулгайч нар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж