Бельгийн алтан үе алтан медальгүй дуусав

Хуучирсан мэдээ: 2022.12.02-нд нийтлэгдсэн

Бельгийн алтан үе алтан медальгүй дуусав

Бельгийн алтан үе алтан медальгүй дуусав

Бельгийн хөлбөмбөгийн түүхэн дэх алтан үеийнхэн алтан медальгүй замналаа дуусгалаа. Тэд өчигдөр Хорваттай 0-0 гэсэн харьцаатай тэнцэж, заавал гурван оноо авах ёстой байсан тоглолтоосоо нэг оноо зулгааж, эцэст нь нутаг буцав. Тус тоглолтын дараа Бельгийн дасгалжуулагч Роберто Мартинез ажлаа хүлээлгэн өгч буйгаа албан бусаар зарласан. Тэрбээр зургаан жил Кевин де Брюйне, Эден Азар, Тибо Куртуа, Ромелу Лукаку зэрэг оддыг удирдаад хүрсэн хамгийн өндөр амжилт нь дэлхийн аваргын хүрэл медаль. Мөн 2018 оны есдүгээр сараас 2022 оны гуравдугаар сар хүртэл дэлхийн чансааг тэргүүлсэн түүхтэй. Харамсалтай нь, ганц ч удаа финалд хүрч үзээгүй.

Хорватын эсрэг тоглосон Бельгийн гарааны бүрэлдэхүүний дундаж нас 31 байсан нь 2010 оноос хойшхи ДАШТ-ий хамгийн хөгшин гараа.

Тэгвэл Бельгийн хөлбөмбөгийн алтан үе энд хүрээд өндөрлөж байна уу?

Энэ талаар дасгалжуулагч Мартинез “Үгүй ээ, бидэнд Аманду Онана, Жереми Доку зэрэг залуус байна. Алтан үеийнхэн дараагийн үеэ бэлдэж байна. Талбай дээр юу болсон нь чухал биш ээ. Энэ өв олон талаараа дамжиж байна. Одоо энэ тогтоосон стандартыг үргэлжлүүлж, залуу үеийнхэн авч явах хэрэгтэй байна” гэжээ.

Бельгийн алтан үеийнхний жинхэнэ боломж дөрвөн жилийн өмнө Орост тохиосон. Тэд шөвгийн наймд Неймартай Бразилыг буулган авсан ч хагас шигшээд Францад ердөө ганц гоолоор хожигдсон. Уг нь тус тоглолтод Бельги илүүрхэж байсан юмсан. Бельги 2014 оны ДАШТ болон 2018 Европын аваргад ч мөн бүтэлгүйтсэн, азгүйтсэн. Үүний дараа 2020 онд Бельгийн алтан үеийнхэнд боломж байсан ч Европын аварга нэг жилээр хойшилж, тэдний боломж цар тахалд дарлуулсан. Хэрэв 2020 онд Европын аварга болсон бол Бельги түрүүлэх магадлал өндөр байсан.

Одоо Кевин де Брюйне, Азар нар 31 настай. Төвийн гол хамгаалагчид нь болох Тоби Алдервейрелд, Ян Вертонген нар 35, 33-тай. Де Брюйне ч энэ дэлхийн аваргын өмнөхөн манай баг түрүүлэхэд хэт хөгшин гэж хэлсэн.

Ирэх 2024 оны Европын аваргаар бид Бельгийн хөлбөмбөгийн дараагийн үеийг харах нь лавтай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж