Ньюс агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагаа толилуулж байна.
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ардчилсан намын дотоодод ямар асуудал үүсээд байна вэ. Ардчилсан намын дарга С.Эрдэнэ таныг Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлсөн. Ямар шалтгаанаар чөлөөлсөн юм бэ?
-Есдүгээр сарын 27-ны өдөр Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн тогтоолоор Ардчилсан намд дарга гэж байхгүй. С.Эрдэнийг намын дарга гэж бүртгэх боломжгүй гэсэн шийдвэр гарсан. Мөн дүрмийн бүртгэл болоод бусад шийдвэрийг хүлээж авахгүй гэсэн шийдвэр гарсан. Үүнтэй холбоотой маш олон хүн над руу холбоо барилаа. Юу болоод өнгөрчихөв өө, даргатай ч юм шиг, даргагүй ч юм шиг явж ирлээ гэж надад хандаад, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд байр сууриа илэрхийлээч гэж хэлсэн. Хувийн зүгээс Ч.Өнөрбаяр, С.Эрдэнэ юу гэж тайлбарлах нь чухал биш. Хүн болгон дур дураар тайлбарлавал маргаантай байдал руу орно. Тиймээс би Улсын дээд шүүхэд хүсэлт гаргасан.
-Ямар асуудлаар хүсэлт гаргасан бэ. Улсын дээд шүүхийн шийдвэрээр Ардчилсан намыг төлөөлөх эрх яг хэнд байгаа юм бол?
-Хүсэлтдээ тодорхой гурван асуудлыг тавьсан. Нэгдүгээрт, Ардчилсан нам одоогоор даргатай юу. Хоёрдугаарт, С.Эрдэнийг дарга гэж үзэх юм уу. Гуравдугаарт, С.Эрдэнэ итгэмжлэх эрхтэйгээр Ардчилсан намыг төлөөлөх эрхтэй юу, үгүй гэдгийг тогтоолгох хүсэлт өгсөн. 2022 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр "Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр танаа" гээд Улсын дээд шүүх хариугаа тамгын газраар дамжуулж өгсөн. Дээд шүүхийн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой асуудал биш, намын бүртгэлтэй холбоотой учраас хариу өгдөг хуультай. “Өнөөдрийн байдлаар Улсын дээд шүүхийн Улс төрийн намын бүртгэл, түүний цахим мэдээллийн санд Ардчилсан намын даргаар итгэмжлэлгүйгээр С.Эрдэнийг бүртгэсэн ямар нэгэн шийдвэр гараагүй. Өнөөдрийг хүртэл татгалзаж шийдсэн. Одоогоор хэн нэгнийг намын даргаар бүртгэсэн шийдвэр гаргаагүй” гэсэн хариу өгсөн. Ардчилсан нам даргагүй учраас хэн нэгнийг томилж, чөлөөлөх боломжгүй.
-С.Эрдэнэ дарга Үндэсний бодлогын хороог хуралдуулж, дэд дарга, генсекийг чөлөөлсөн гэх тайлбар хэлсэн. Гэхдээ танай намын дүрмээр ямар зохицуулалттай вэ?
-Ардчилсан намын дүрмээр Ардчилсан намын дэд даргыг Ерөнхий нарийн бичгийн дарга санал оруулж, томилж чөлөөлдөг. С.Эрдэнэ Үндэсний бодлогын хороог хуралдуулаад, хүн томилж чөлөөлөөд явах эрх мэдэл байхгүйг хэлье. С.Эрдэнэ дарга 2017 онд намайг намын даргаар бүртгэсэн гэж ярьдаг. Үүнд тайлбар өгөхөд, 2017 онд С.Эрдэнийг Ардчилсан намын даргаар бүртгэсэн нь үнэн. 2014 онд З.Энхболдыг Ардчилсан намын даргаар бүртгэсэн ч тохиолдол бий. Зүйрлэж хэлбэл, Н.Багабанди гуайг 1997 онд Ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрсөн УИХ-ын тогтоол гарсан. Одоо хүртэл хүчин төгөлдөр. Яг тэрэн шиг 2017 онд С.Эрдэнийг намын даргаар сонгосон. Тэр үйл явдлыг баталгаажуулсан тогтоол болохоос биш, энэ нь намын даргын эрхтэй гэсэн үг биш. С.Эрдэнэ даргын тайлбарыг сонслоо. Үндсэн дүрмийн хороо хуралдаад, дүрэм зөрчсөн гэж байсан. Улсын дээд шүүхэд хүсэлт гаргасны төлөө намайг дүрэм зөрчсөн гэж үзэж байгаа юм уу. Тийм юм байхгүй. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга байтугай, жирийн гишүүн хүсэлт гаргаж, хариу өгөх үүрэгтэй. Энэ бол Монгол Улсын иргэнд олгогдсон эрх. Үндсэн дүрмийн хорооны дарга Д.Ганбаттай холбогдсон. Тэрбээр “Үндсэн дүрмийн хороо хуралдаагүй. Эмнэлэгт хэвтэж байна” гэж хэлсэн. Үндсэн дүрмийн хороог төлөөлсөн гэх хүмүүс мэдэгдлээ хийх ёстой. Яг хэдэн хүн хуралдаж, ямар шийдвэр гаргасан юм бэ. Одоо нэг баганы араар орчихоод намынхаа гишүүдийг хөөж туудгийг больё. Намаа эвлэрүүлэхийн төлөө явсан хүмүүсийг хөөж тууж байгаад хаашаа хүрэхийг харъя л даа. Ямар журам гарсан юм бэ, тэр дүрмээ тайлбарла. Амьгүй албатууд гарч ирж хүн хөөдгөө больё.
-Та намаа орхиж явахгүй, генсекийн ажлаа хийнэ гэж мэдэгдсэн. Гэхдээ процесс цаашид яаж үргэлжлэх бол. С.Эрдэнэ даргатай хэл амаа ололцох боломжгүй болсон уу?
-Үндэсний бодлогын хороо хуралдаж, эвлэрлийн хурлаа хийж, хоёрдугаарт намаас хөөгдсөн хүмүүсийг оруулж ирэх ёстой. Ардчилсан нам коммунист нам шиг хэн нэгнийг үзэл санаагаар нь хөөдөг байж болохгүй. Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо намын даргыг сонгох журмаа батлаад, шинэ даргаа сонгоод, бүртгүүлэх ёстой. Ардчилсан намыг “нэг” болгоод, хууль ёсны намын дарга сонгогдоод, бүртгүүлэх хүртэл би ажлаа хийнэ. Хэн нэгэн намайг зогсоохгүй. Энэ миний үүрэг, хариуцлага. Дээд шүүхийн тогтоолд С.Эрдэнийг намын дарга гэж үзэхгүй, И.Мөнхжаргал, Д.Эрдэнэсувд нарыг Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга биш гэж үзсэн. Тиймээс би албан ёсоор шүүхтэй харилцаж, Ардчилсан намыг төлөөлж буй хүн учраас ажлаа хийнэ. Дундаас нь хэн нэгэн үймүүлээд, тайлбар хийгээд байх шаардлагагүй. С.Эрдэнэ даргын ярьдаг зүйлс зөв байсан бол шүүх яагаад ийм шийдвэр гаргаад байгаа юм бэ. Даргагүй гэдэг нь Ардчилсан нам байхгүй гэсэн үг биш. Ардчилсан нам одоо "Шонхор тауэр"-т байхгүй. Ардчилсан нам зарчимд итгэдэг, эрх чөлөөнд дуртай иргэдийн итгэл үнэмшилд байдаг учраас бид хаанаас ч үйл ажиллагаа явуулах боломжтой.
-Ардчилсан нам эвлэрэхгүй явсаар сонгуулийн жилтэй золгох нь. Таны хэлж буйгаар С.Эрдэнэ Ардчилсан намын дарга биш юм бол Ардчилсан намын дараагийн даргын асуудал хэзээ яригдах вэ. Хамгийн боломжтой хүн нь Сангийн сайд асан С.Баярцогт гэцгээж байна?
-Би нэг хүн хэлээд тодруулчихгүй. Дарга сонгох журмыг батлах ёстой. Нэр дэвших эрх хүн бүрт нээлттэй. Нэр дэвшээд олонхын санал авсан хүний материалыг Улсын дээд шүүх рүү өгөх ёстой. С.Баярцогт Үндэсний бодлогын хорооны гишүүн. Түүнд хийсэн хэрэг байхгүй, нэрээ дэвшүүлэх эрх нь нээлттэй. Би энэ хүнийг улс төрийн туршлага, мэдлэг чадвараар Ардчилсан намын даргыг хамгийн сайн хийх хүн гэж харж байна. Ардчилсан намын даргад хамгийн бэлтгэгдсэн хүмүүсийн нэг бол С.Баярцогт юм.
Холбоотой мэдээ