УИХ-ын даргын аргаа барж, гишүүддээ тунирхаж хэлсэн үг

Хуучирсан мэдээ: 2022.12.03-нд нийтлэгдсэн

УИХ-ын даргын аргаа барж, гишүүддээ тунирхаж хэлсэн үг

УИХ-ын даргын аргаа барж, гишүүддээ тунирхаж хэлсэн үг

Ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүд ажлаа хийхгүй байна. Сав л хийвэл гадагшаа аялаад тун чиг завгүй. Ирц бүрдэхгүйн улмаас УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороод, тэр бүү хэл чуулганы нэгдсэн хуралдаан цагтаа эхлэхээ болив. Улс орны болон иргэдийн амьдралд амин чухал хуулийн төслүүдийг хэлэлцэж батлах чухал мөчид 10-аадхан гишүүн УИХ-ын танхимд сууж, хууль баталсан болж “тоглож” байгаа нь доромжлол гэлтэй. Бид ямар хүмүүст төрийн эрх атгуулсанаа бодож, дараагийн сонгуульд зөв сонголт хийхгүй бол амин хувийн ашиг сонирхлоо урдаа тавьсан этгээдүүд улс орныг “самарч” мэдэх нь.

Аргаа барсан УИХ-ын дарга өнгөрсөн Пүрэв гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр гоморхол, тунирхлын үгээ урсгасныг бүрэн эхээр нь хүргэе.

Г.ЗАНДАНШАТАР: ОЛНООРОО ТҮРИЙ БАРИХ, ЦӨӨНХӨӨРӨӨ СӨРӨХ ХОЁРЫН АЛЬ АЛЬ НЬ МОНГОЛ УЛСЫН ЭРХ АШИГТ НИЙЦЭХГҮЙ

“Хүн хэлэхээс наашгүй, цаас чичихээс цаашгүй” гэдэг. Та нөхдийг сургах, номлох, магтах, зэмлэх гээгүй. Онцгой анхааруулж хэлье гэж бодож байна.

Улс орны байдал хүнд байна. Үнийн өсөлт, валютын өсөлт, орлогын хомсдол үргэлжилж байна. Энэ байдал мөддөө засрах шинжгүй байна. Ийм нөхцөлд иргэдээ төлөөлж, төрийн эрхийг барьж буй УИХ-ын гишүүд та бүгдээс олон зүйл шалтгаална. Үүнийг чин зүрх сэтгэлээ мэдэрч, хуралдаа идэвхтэй оролцож ажиллах хэрэгтэй байна.

Өнөөдөр чуулганы хуралдаан 30 минут хоцорч эхэллээ. Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 14.1.1-д “Ард иргэдээс ирүүлж буй саналыг УИХ-ын дарга УИХ-ын гишүүдэд анхааруулж хэлнэ” гэсэн зарчмын дагуу Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 44.4.16-д гишүүдийн нэгдсэн болон байнгын хороодын хуралдаанд оролцсон ирцийн сар бүр гаргаж, олон нийтэд мэдээлэхээр заасан байдаг.

Үүний дагуу арваннэгдүгээр сарынм элдээллийг танилцуулъя. Нэгдсэн хуралдааны арваннэгдүгээр сарын мэдээгээр, Ш.Адьшаа, П.Анужин, Ч.Баатарбилэг, А.Баделхан, Б.Бейсен, Г.Ганболд, Н.Ганибал, Б.Жаргалмаа, Г.Мөнхцэцэг, Д.Тогтохсүрэн, Ч.Ундрам, С.Чинзориг, Б.Энх-Амгалан нар нэг ч удаа хоцроогүй, таслаагүй, эмнэлгийн чөлөө аваагүй, гадаад болон орон нутагт яваагүй байна. Гэтэл арваннэгдүгээр сарын нийт долоон хуралдаанаас 1-ээс 3-ыг нь тасалсан зургаан гишүүн байна. 1-6 удаа хуралдаанаас хоцорсон 30 гаруй гишүүн байна. Арванхоёрдугаар сарын болон жилийн дүнгээр эдгээр гишүүдийг нийтэд зарлаж мэдээлнэ.

Хуралдаанд хамгийн идэвхтэй оролцсон гишүүн бол Ж.Батжаргал. Хочроогүй, таслаагүй төдийгүй хуралдааныг эхлэхээс дуустал хүртэл сууж, асуулт асууж, хариулт авч, бүгдийг сонсож байна. Зарим гишүүд асуулт асуучихаад гараад явчихдаг.

Сүүлийн жилүүдэд ирц илт сайжирч, чуулганы хуралдаан цагтаа эхэлдэг болсон гэж бид бахархан тэмдэглэж байсан. 2012 он хүртэл дандаа нэг цаг орчим хоцорч эхэлдэг байсан практикийг халлаа гэж бид тэмдэглэж байсан. Сүүлийн хоёр долоо хоногт олон гишүүн гадаад, дотоодод явсан. Өвчтэй, чөлөөтэй байсан. Дээр нь тасалсан шалтгаанаас болоод УИХ-ын чуулганы хуралдаан 30 гаруй минутаар хоцрох, санал хураалтууд саатах, асуудлууд хойшлох асуудал гардаг болсон.

“Газрын тухай маш чухал хууль хэлэлцэж байхад энэ гишүүд чинь хааччихсан юм бэ” гэж цөөнхийн бүлгээс ч асууж шаардсан. “De facto” Жаргалсайхан "Энэ гишүүд чинь газрын наймаанд оролцчихсон юм уу, яагаад хуралдаа оролцдоггүй юм бэ” гэсэн шаардлага тавьж байна. Хуралдаан хангалттай ирцтэй эхэлсэн ч санал хураахад 10 гаруйхан гишүүн үлдсэн үзэгдэл гарлаа. Саналаа хэлчихээд, бусад ажлуудаа цэгцлэх, дотоод сүлжээгээр хуралдаанаа сонсож хардаг, сонгогчидтойгоо албаны уулзалт хийх зэрэг шалтгаан гаргадаг гишүүд байна.

Ард иргэд арван хэдхэн хүн хууль хэлэлцэж байна гэж хараад байна. Газрын тухай хууль хэлэлцэх үеэр яг ийм байдал гарлаа. Энэ хуулийг хэлэлцэхээс зугтаж буй гишүүдийг ямар ашиг сонирхлын зөрчилтэй юм бэ гэж нийгмийн сүлжээнд ч асуудал тавьж, надад шаардлага тавьсан. Үүнийг би ард иргэдийн тавьсан шударга зөв шаардлага гэж үзэж байна. Тиймээс хуралдаандаа гишүүд тогтмол, биечлэн сууж байх ёстой.

Ёс зүй, сахилга хариуцлагаа сахиж, нийгэмд үлгэр дууриал болох хэрэгтэй. Хуралдааны үеэр үлгэргүй байдал гаргаж, зүй зохисгүй үг хэллэг хэлдэгээ болих хэрэгтэй. Бусдыгаа гутаан доромжлохоо болих хэрэгтэй. Хоосон маргалдах, баталгаагүй мэдээллээр олныг төөрөгдүүлэх, хэт мэргэн түргэн хүн болох гэж оролдох нь өөрийгөө болон парламентын нэр хүндийг унагаж байна.

Гишүүд хэлэх үгээ урдаас сайн бэлтгэж байх хэрэгтэй байна. Гарцаагүй чухал, үндэслэлтэй саналаа хэлдэг болмоор байна. Бэлдээгүй зүйлийг дэмий ярьж, цаг үрэх хэрэггүй.

Ард иргэд нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хэрэг зэрэг олны анхаарал татсан, хууль зөрчсөн, шударга ёс тогтоох шаардлагатай хэргүүдийг шалгаж тогтоох ажлыг шаардаж байна. Эдгээр ажлууд дээр УИХ дээр Хянан шалгах түр хороод байгуулсан. Тухайлбал, Хөгжлийн банкны асуудлаарх түр хороог Б.Энхбаяр гишүүн, Хилийн боомтуудаар ачаа тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагааг шалгах түр хороог Г.Ганболд гишүүн, Хуурамч болон стандарт бус эм нийлүүлэлтийн асуудлыг шалгах түр хороог Н.Учрал гишүүн ахалж ажиллаж байна. Ард иргэд эдгээр хороодын үйл ажиллагаанаас ихийг хүлээж байна.

Төсвийн мөнгө, эх орны баялгийг тонон дээрэмдсэн булхай луйврыг илрүүлэн, шударга бус үйлдэлтэй хийж буй тэмцэл үр дүнд хүрнэ гэж хүлээж буйг мартаж болохгүй.

Бид маш олон хууль баталж байгаа ч зарим нь зүйл, заалт амьдралд нийцэхгүй байна гэсэн санал, хүсэлт их ирж байна. Хуулиар зохицуулах харилцаагаа уг углуургаар нь бүрэн мэдэрч, бүрэн гүйцэд ханддаг болох хэрэгтэй. Хуулийн төслийн чанарт анхаарах хэрэгтэй байна. Өнөөдрийн Газрын тухай хуулийн багц хууль дээр ч гэсэн.

Хууль санаачлагчид түүхий, дутуу төслөө их хурал л учрыг нь олно биз гээд парламентын босго давуулж шиддэг байдлаа зогсооё. Эрдэмтэн, судлаачид, иргэдийнхээ саналыг авахгүйгээр яаран хуумгай хуулийн төсөл өргөн барьдгаа болих хэрэгтэй. 80 гаруй зүйл заалттай хуулийн төсөлд 90 гаруй шахам засвар, өөрчлөлт оруулсан талаар би индрээс хэлж байсан.

Муу боловсруулсан хуулийн төслийн бөөс, хуурсыг парламент түүгээд, тойроод маргалдаад сууж байх ёсгүй. Хууль батлахдаа дагалдсан маш олон хуулийн өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцдэг нь маш их цаг авч байна.

Сая Монгол Улсын 2023 оны төсвийг батлахад 103 хууль, 6 тогтоолд өөрчлөлт орсон. Энэ өөрчлөлтийг цахим технологи ашиглаж хуульдаа тусгадаг болъё. Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулъя. Ард түмэн үнэмлэхүй эрх олгосон байхад зарим өөрчлөлтийг шийдээд явах хэрэгтэй байна.

Намын бүлгүүд ч олон, цөөнөөрөө хуваагдах биш, оюун ухаан, ойлголцол, зөвшилцлөөр нийтийн эрх ашгийн төлөө нэгдэж ажиллах шаардлагатай байна. Олноороо түрий барих, цөөнхөөрөө сөрөх хоёрын аль аль нь Монгол Улсын эрх ашигт нийцэхгүй. Бидэнд Монголын ард түмэн төрийн эрхийг итгэж атгуулсан гэдгийг өдөр тутам санаж ажиллах хэрэгтэй байна. Энэ үг үнэмлэхүй олонхи, цөөнх болсон намд хамаарна.

Английн суут сэтгэгч Фрэнсис Бэкон "Намууд өөдөө гарахдаа тулгуураа олохыг бодох хэрэгтэй. Оройд гараад, тэнцвэрээ олох ёстой" гэж хэлснийг зориуд онцолж хэлмээр байна.

Улс орныхоо өнөөдрийг бодолцож, маргаашийг харж, өөрсдийн үйл ажиллагаандаа үнэлэлт дүгнэлт хийж ажиллацгаая. Гишүүн бүр дор бүрдээ бодож ажиллая. Ард итгэдээ бодож, улс орны ашиг сонирхлоос илүү эрхэм зүйл байхгүйг бодож, хувийн ашиг сонирхлоос ангид байж, төр ард түмнийхээ төлөө зүтгэх хэрэгтэйг өдөр болгон ухамсарлан санах хэрэгтэй байна.

Монгол төрийн нэр хүнд, хувь заяа та биднээс хамаарч байгаа шүү гэдгийг өдөр тутам санаж байх хэрэгтэй. УИХ-ын гишүүд бүхний дээр байгаа “бурхан тэнгэр”, бүхнийг шийддэг хүмүүс биш. Хүмүүс УИХ-ын гишүүнд ихээхэн эрх мэдэл байдаг гэж боддог.

Зөвхөн төрийн бодлогын эрх ашгийн үүднээс ашиглах ёстой гэдгийг сануулж хэлье. Цаашдын хурал үйл ажиллагаандаа өнөөдрийн, өчигдрийн, өнгөрсөн долоо хоногийн ирцүүдээр оролцохгүй байхыг хатуу тэмдэглэж хэлж байна. Энэ оны эцэст бүх гишүүдийн ирцийн мэдээллийг олон нийтэд мэдээлнэ. Та бүхнийг итгэж сонгосон ард түмэнд ажлыг чинь тайлагнана. Төр, ард түмний эрх ашгийг дээдэлж, чуулганы үйл ажиллагаандаа идэвхтэй оролцохыг сануулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж