УИХ сүүлийн жилүүдэд ирц нь илт сайжирч, чуулганы хуралдаан цагтаа эхэлдэг болсон гэж магтуулж байв. "Магтсан хүүхэн хуримдаа" гэгчээр сүүлийн өдрүүдэд УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаан ирц бүрдэхгүй, цагтаа эхлэхгүй, "ном ёсоор" явагдахгүйд хүрсэнд иргэд ихэд шүүмжлэлтэй хандаж буй юм.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны арваннэгдүгээр сарын мэдээгээр, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, П.Анужин, Ё.Баатарбилэг, А.Баделхан, Б.Бейсен, Г.Ганболд, Н.Ганибал, Б.Жаргалмаа, Г.Мөнхцэцэг, Д.Тогтохсүрэн, Ч.Ундрам, С.Чинзориг, Б.Энх-Амгалан нар нэг ч удаа хоцроогүй, таслаагүй эмнэлгийн чөлөө аваагүй, гадаад болон орон нутагт яваагүй байна.
УИХ-ын нэгдсэн чуулган арваннэгдүгээр сард нийт долоон удаа хуралдсанаас 1-3-ыг нь тасалсан зургаан гишүүн байгаа бол нийт 1-6 удаа хуралдаанаас хоцорсон 30 гаруй гишүүн байна. УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаан дээр "Арванхоёрдугаар сар болон жилийн дүнгээр эдгээр гишүүдийг нийтэд зарлаж мэдээлнэ" гэсэн юм.
УИХ-ын чуулганы хуралдаанд хамгийн идэвхтэй оролцсон гишүүн Ж.Батжаргал аж. Зарим гишүүд асуултаа асуучихаад гараад явчихдаг бол тэрбээр нэг ч удаа хоцроогүй, таслаагүй төдийгүй хуралдаан эхлэхээс дуустал хүртэл сууж, асуулт асууж, хариулт авч, ард түмний төлөөллийн үүргээ сайн гүйцэтгэж буй юм байна.
Холбоотой мэдээ