Хүнээр бол Ардчилсан нам сэхээний өрөөнд тарчилсаар цөөнгүй удлаа. Үхдэг ч үгүй, сэхдэг ч үгүй. Эмгэнэлтэй нь, хоёр талд, хоёр үйл ажиллагаа явуулж ирсэн тус нам өнөөдөр гурван талд, гурван үйл ажиллагаа явуулж байна.
С.Эрдэнэ тамга атгаж үлдсэнийхээ хувьд Ардчилсан намыг төлөөлөх, өмчлөх эрхтэй цор ганц хүнээр өөрийгөө нэрлэж, тодорхойлох болсон. Авчиг С.Эрдэнэд тамга байлаа гээд энэ нь түүнийг Ардчилсан намын дарга мөн гэсэн баталгаа биш. Улсын дээд шүүхийн шийдвэрээр Ардчилсан нам албан ёсны даргагүй хэвээр, энэ талаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаярын хэлсэн тайлбар нь “УДШ-ийн улс төрийн намын бүртгэл, түүний цахим мэдээллийн санд Ардчилсан намын даргаар С.Эрдэнийг бүртгэсэн ямар нэгэн шийдвэр гараагүй. Ардчилсан нам даргагүй учраас хэн нэгнийг томилж чөлөөлөх боломжгүй”. Эндээс харвал С.Эрдэнэ Ардчилсан намын жирийн нэгэн гишүүн, түүнд хэн нэгнийг хөөж, туух эрх байхгүй гэсэн үг.
Тэр тусмаа Ардчилсан нам үзэл бодол, үнэт зүйл дээр нэгдсэн улс төрийн нам мөн, С.Эрдэнийн хувийн компани биш бол хэн нэгнийг хөөж, эсвэл хэн нэгэнтэй нэгдэхийг С.Эрдэнэ ганцаараа шийдэхгүй.
Нөгөө талд Ардчилсан намыг авахаар экс Ерөнхийлөгч Х.Баттулга их эртнээс хүссэн, хөдөлсөн. Албан ёсны тамга нь С.Эрдэнэд байгаа гэвэл экс Ерөнхийлөгч Х.Баттулга намын гишүүнчлэлээ эргэж сэргээгээгүй гэсэн үг. С.Эрдэнэ, Женко хоёрын эвлэрч, нэгдэх тухай яриа ойрмогхоноос сонсогдох болсноос, үнэндээ өнгөрсөн хугацаанд тэд хонь-чонодоо тулсан. Хэн нь хэнийгээ барьж, барж идэх вэ гэсэн улс төрөөс нь бол өнөөдөр Ардчилсан нам үхдэл төдий болчхоод байна.
С.Эрдэнэ, Х.Баттулга хоёрын хэн хэн нь Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх хүсэлтэй. С.Эрдэнэ өөрийнхөө нэрийг, Х.Баттулга Ө.Шижирийн нэрийг Улсын дээд шүүхэд хүргүүлж байсан ч хэн, хэнийг нь бүртгэж авахаас татгалзсан. Тэгвэл Х.Баттулгын хүсэлтийг С.Эрдэнэ нь хүлээж аваагүй юу эсвэл С.Эрдэнийгээ мурисан уу, “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирал асан Т.Мөнхбаярыг Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандсан байна.
Т.Мөнхбаяр нь Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед Салхитын мөнгөний ордыг эзэмшигч төрийн компани болох “Эрдэнэс Силвер Ресурс” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, энгэрээ “Хөдөлмөрийн баатар” цолоор мялаалгуулсан намтартай. Мөн “Эрдэнэс силвер ресурс”-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Салхитын ордын баяжмалаас олсон, Монгол банкинд тушаах ёстой 37 сая ам. долларын орлогыг ХХБ-д байршуулж, мөнгө угаасан, “Империал гоулд майнинг” ХХК-иар дамжуулан Хөгжлийн банкнаас 16 тэрбум төгрөгийн зээл авсан гэх хавтаст хэрэгтээ. Ийнхүү Х.Баттулга “утсан хүүхэлдэй”-гээ солиод улс төрийн акцаа эхлүүлж байгаа бололтой.
Харин С.Эрдэнэ, Х.Баттулга хоёрын эв нэгдэл удаан тогтнож, улс төрд холдоо хоршихгүй нь ойлгомжтой. Аль, аль нь Ардчилсан намыг аврахаас илүү албан тушаал, ашиг сонирхолд хүргэх хэрэгсэл гэж албан тамгаа булаацалдаж байгаа хүмүүс.
Ардчилсан намын гишүүдэд С.Эрдэнээс тамгаа нэхэх, шаардах, улмаар Улсын дээд шүүхэд хандах эрх бий. Учир нь С.Эрдэнэ намын дарга биш тул энэ тамгыг эзэмши, ашиглах нь хуулиар хориотой. Намын дурын гишүүн, компанийн захын ажилтан тамга ашиглавал хуулийн хариуцлага хүлээх нь дамжиггүй. С.Эрдэнэд энэ хуулиас ангид орших ёсгүй. Намын тамга атгаж суулаа гээд С.Эрдэнийн үгээр Ардчилсан нам явна гэсэн үг бүр биш. Улс төрийн нам бол үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн, засгийн эрхийг авах зорилготой хүмүүсийн нэгдэл, улс төрийн байгууллага.
Иймээс Ардчилсан намын жирийн гишүүд С.Эрдэнийн дордохыг, доодохыг хараад суух биш Их хурлаа зарлаж, Ардчилсан намаа аврахгүй бол “үнэг турж үхэх” тавилантайгаа эвлэрэхээс яалтай.
С.Эрдэнэд байгаа тамгыг Монголын улсын шүүх хүчингүй болгож чадахгүй нь үнэн. Гэвчиг хамгийн үнэн зүйл бол Ардчилсан намын тамгыг ашиглах эрх С.Эрдэнэд байхгүй. Учир нь тэр АН-ыг төлөөлөх эрхтэй, Улсын дээд шүүхэд бүртгэлтэй субъект биш. С.Эрдэнэ бол Ардчилсан намын мянга, мянган гишүүдийн нэг. Товчхондоо, С.Эрдэнийн барьсан тамга хүчинтэй ч, С.Эрдэнэ өөрөө тамга барих хүчинтэй дарга биш юм.
Холбоотой мэдээ