МИК: Уран зургийн бүтээлүүдийг засварлахад хамтран ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2022.12.01-нд нийтлэгдсэн

МИК: Уран зургийн бүтээлүүдийг засварлахад хамтран ажиллалаа

Цаг хугацааны шалгуурыг давж, оюун санааны өв болж чадсан урлагийн бүтээлүүд бол түүхийн хосгүй үнэ цэнийг шингээн оршдог билээ. Тэгвэл Монголын ипотекийн корпораци (МИК) үүнийг урьдал болгон Монголын уран зургийн галерейн алтан сан хөмрөгт хадгалагдаж буй сор болсон бүтээлүүдийг сэргээн засварлах төсөл хэрэгжүүлж, “Дахин төрсөн өв” арга хэмжээг зохион байгууллаа.

Монголын ипотекийн корпораци өнгөрөгч 2021 онд 15 жилийн ойн хүрээнд нийгэмд чиглэсэн ажлууд хийхээр төлөвлөсөн бөгөөд тэдгээр ажлуудын нэг нь энэхүү төсөл байсан юм. Төслийн хүрээнд 2022 оны 3-р сард Монголын уран зургийн галерейн урын сангийн үнэт бүтээлүүд болох  Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн, МУЭ-ийн шагналт зураач М.Бүтэмжийн “Ботгон цагаан үүлс” (1977), Ардын зураач, төрийн шагналт Б.Амгалангийн “Капитализмыг алгассан нь” (1961) уран зургуудыг сэргээн засварлах ажлыг эхлүүлж байсан бол төсөл амжилттай хэрэгжин сэргээн засварласан бүтээлүүдийг Монголын уран зургийн галерейд хүлээлгэн өглөө.

Монголын уран зургийн галерейн захирал Б.Сарантуяа “Тодорхой шалтгааны улмаас урлагийн сор болсон бүтээлүүд их, бага хэмжээгээр гэмтсэн. Бид бүтээлүүдийг сэргээн засварлах “Урлагийн бүтээл үрчлүүлэх хөтөлбөр”-ийг санаачлан олон нийтэд хандсан. Энэхүү хөтөлбөрийг Монголбанк хамгийн анх дэмжин сайн үйлсийн аянг банк санхүүгийн салбарт санаачлан хэрэгжүүлж, Ардын зураач Л.Гаваагийн “Алтайн уулс” алдарт уран зургийг сэргээж засварласан байдаг. Өнөөдөр бид сэргээн засварласан 7,  8 дахь бүтээлээ “дахин төрүүлж” хүлээн авч буйдаа баяртай байна” гэж арга хэмжээг нээх үгэндээ онцлов.

“Монголын ипотекийн корпорацийн ОССК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга “Сэргээн засварласан уран зургууд нь маш том соёлын өв. 1961, 1977 оны сор бүтээлүүдийг хойч үедээ уламжлан үлдээх, харуулах нь энэ цагийн бидний үүрэг шүү дээ. Монголыг дэлхийгээс онцолж ялгах зүйл нь соёлын өв, тэр дундаа уран зураг болов уу. Нийгмийн хариуцлагын хүрээнд бид сор бүтээлүүдийг сэргээн засварлахад хувь нэмрээ орууллаа. Мэдээж өмнө нь нийгмийн хариуцлагын хүрээнд эмнэлэг тохижуулах зэрэг олон бүтээлч сайн дурын ажил өрнүүлж байсан.” гэж хэллээ.

Ардын зураач Б.Амгалангийн 1961 оны бүтээл“Капитализмыг алгасан нь” 100х70см Гаушь, цаас

Монголын уран зургийн галерейд 2008, 2009 онд гарсан гал түймэр болон бусад шалтгааны улмаас дүрслэх урлагийн сор болсон 900 орчим бүтээл их, бага хэмжээнд гэмтэл авсан ба тэдгээрийг сэргээн засварлах санал санаачилгыг гадаад, дотоодын байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, хувь хүмүүсийн тусламж дэмжлэгтэй зохион байгуулж,  600 орчим бүтээлийг сэргээн засварласан байна. Гэсэн хэдий ч галд их өртсөн сэргээн засварлах, шинээр бүтээлгэх 300 гаруй уран зураг байгаа юм. Эдгээрээс МИК хоёр бүтээлийг сонгосон ба Соёлын өвийн сэргээн засах төвийн авьяаслаг уран бүтээлч хамт олон ажиллаж, сэргээн засварласан байна.

МУУГЗ зураач М.Бүтэмжийн 1977 оны бүтээл “Ботгон цагаан үүлс” 145х180см, Зотон, тос

эргээн засварласан бүтээлүүд нь галерейн алтан сан хөмрөгт хадгалагдаж буй сор бүтээлүүд төдийгүй дүрслэх урлагийн хөгжилд онцгой өөрчлөлт гарсан 1960-1970-аад оны уран зургуудын төлөөлөл гэдгээр онцлог юм. Тухайлбал 1960 оны сүүлээс 1980 оны хооронд зураач, урчууд өрнийн зургийн арга техникийг уламжлалт зургийн аргатай хослуулан бүтээл туурвиж эхэлсэн байдаг.

СӨҮТ-ийн сэргээн засварлах газрын ерөнхий сэргээн засварлагч Д.Нямдорж

Ийнхүү МИК-ийн нийгмийн хариуцлага, хөрөнгө оруулалт, Монголын уран зургийн галерейн санаачилга, хамтын ажиллагаа, сэргээн засварлагч уран бүтээлчдийн ур ухааны үр дүнд дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүд  “дахин төрж”, цаашид олон арван жил Монголын хойч үеийг соён гэгээрүүлж, түүхийн үнэ цэнийг шингээсээр хэдэн зуунд уламжлахын эх үндэс болсон нь бахархалтай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж