Германы байгалийн хий импортлогч “Юнипер” (Uniper) компани ОХУ-ын "Газпром" компанийн эсрэг Олон улсын арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Тус компанийн цахим хуудаст “Газпром” нийлүүлэлтээ бууруулж, төрөлжүүлсний улмаас компанид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд хандсан гэж мэдээлсэн байна.
Мэдээлэлд “Юнипер” компани Оросын “Газпром Экспорт” (GPE) компанийн эсрэг олон улсын арбитрын шүүхэд хандаад байна. Стокгольм хотод болох шүүх хурлаар “Газпром Экспорт” компани өнгөрсөн зургадугаар сараас хойш хий нийлүүлээгүйн улмаас “Юнипер” компанид 11.6 тэрбум еврогийн хохирол учирсаныг нөхөн төлүүлнэ" гэж бичжээ.
Тус мэдээллийн дараа “Газпром Экспорт” компани нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж, хуулийн хүрээнд эрх ашгаа хамгаална гэж онцолсон байна.
“Юнипер” компани өнгөрсөн арваннэгдүгээр сарын эхээр “Газпром”-оос байгалийн хий нийлүүлэхээ зогсоосноо мэдэгдсэн. Өнгөрсөн зургадугаар сарын 14-нөөс хойш байгалийн хийн импорт буурч, наймдугаар сарын сүүлээс бүрэн зогссон байна.
Тус компани өвөлжилтийг угтан хийн агуулахын нөөцийг нөхөх, хэрэглэгчдэд хүргэх, гэрээний биелэлтийг хангах зорилгоор шатахууныг зах зээлийн үнээс харьцангуй өндөр үнээр худалдан авдгаа онцолжээ. “Юнипер” компани “Газпром” нийлүүлэлтээ танасан гэх үндэслэлээр өнгөрсөн долдугаар сард Засгийн газраасаа есөн тэрбум евро хүссэн байна.
Эх сурвалж: RIA NOVOSTI
Холбоотой мэдээ