Ирэх сард тохиох 20 жилийнхээ ойг угтан “Наран” группын хамт олон нийгмийн сайн үйлсэд хандив өргөх төслийг эхлүүлээд байгаа юм. Тодруулж хэлбэл, Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран “Итгэл бэлэглэе” аяныг өнгөрөгч дөрөвдүгээр сард эхлүүлж, хорт хавдартай хүүхдүүдийн эрүүл мэндэд анхаарах, өвчнийг эрт үед нь оношлоход туслалцаа үзүүлэхийг зорьж байна. Төслийн хүрээнд шинжилгээ, оношлогоог “Улаанбаатар сонгодо” эмнэлэгт хийж байгаа бөгөөд төлбөрийн 40 хувийг тус эмнэлэг, 60 хувийг “Наран” группийнхэн гаргаж буй юм. Мөн цусны хорт хавдартай хүүхдүүдэд сайн дураар цусаа бэлэглэх үйлсэд “Наран фүүдс”, “Наран косметикс” компанийн хамт олон хамрагджээ.
Нэг зүйлийг тодруулахад, амьдралын боломж тааруугаас хорт хавдартай хүүхдүүдийн 76 хувь нь хожуу үедээ оношлогддог болох нь судалгаагаар батлагдсан байна. Мөн жил тутамд энэ өвчнөөр өвчлөгсдийн тоо өсч байгаагийн зэрэгцээ 2009 онд 1900 хорт хавдартай хүүхэд шинээр бүртгэгджээ. Тиймээс үзлэг оношлогоонд хүнд нөхцөлд амьдарч байгаа өрхийн хүүхдүүдийг голлон хамруулахыг зорьж байгаа гэнэ. Харин нийгмийн сайн сайхны төлөө зохион байгуулж байгаа энэхүү төслийн санхүүжилтийг “TOFFIFEE” шоколадны борлуулалтын орлогоос бүрдүүлж буй ажээ.
Г.Дарь
.