Дэлхийн ардчилал аюулд орлоо

Хуучирсан мэдээ: 2022.12.02-нд нийтлэгдсэн

Дэлхийн ардчилал аюулд орлоо

Дэлхийн ардчилал аюулд орлоо

Украины дайн эрчимжиж, олон улсын эдийн засгийн хямрал гүнзгийрэхийн хэрээр дэлхийн ардчилал аюулд орж буйг олон улсын судалгааны байгууллагаас мэдээллээ. Дэлхийн ардчилсан орнуудын тал хувьд нь ардчиллаас ухарч байгааг "Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэн" буюу "IDEA" байгууллагаас анхааруулсан байна. 

"Дэлхий дахинаа ардчиллын эсрэг ер бусын хүчтэй  хар шуурга шуурч байна. Цар тахал гарснаар эхэлж, Украины дайнаас болж эрчимжсэн эдийн засгийн хямралаас үүдэн уг шуурганы хүч ширүүссэн. Энэ нь сонгуулийн итгэл үнэмшилд эргэлзээ төрүүлж, хууль дээдлэх ёсонд халдаж, иргэний нийгмийн орон зайг хязгаарлаж байна" гэж тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Кевин Касас-Замора мэдэгджээ. 

Ялангуяа "ардчиллаас ухарч буй" гэх ангилалд орсон орны тоо өнгөрсөн жилийнхээс нэмэгдэж, АНУ багтах болсон нь анхаарал татаж байна.

Ардчиллаас ухарч буй орнуудын тоонд АНУ орох болсон шалтгаан нь улс төрийн туйлшрал, институцийн үйл ажиллагааны доголдол, иргэний эрх чөлөөнд заналхийлэх байдал газар авсантай холбоотой гэж тайлбарлажээ. АНУ-ын улс төрийн туйлшрал нь ямар ч луйврын нотолгоогүйгээр сонгуулийн үр дүнд итгэх итгэлийг сулруулах оролдлогоос үүдэлтэй аж. Үүний зэрэгцээ АНУ нь үр хөндөлтийг зөвшөөрсөн хуулийг хүчингүй болгосноороо секс, нөхөн үржихүйн эрх чөлөөнд халдсан үйлдэл болжээ. АНУ-аас бусад орнуудад нөхөн үржихүйн эрх чөлөөг нэмэгдүүлэх давалгаа өрнөж байхад уг шийдвэр нь олон улсын анхаарлыг ихээр татсан. Мөн  АНУ-ын ардчилалд Доналд Трамп ерөнхийлөгчөөр ажиллах үед Конгресс улс төрийн саажилтад орсон нь нөлөөлсөн гэж үзжээ. 

ДЭЛХИЙ УЛАМ АВТОРИТАР БОЛЖ БАЙНА 

173 орныг хамруулснаас судалгаагаар 104 нь ардчилсан гэж үнэлэгдсэн бол 52 улсад ардчилал буурч байгаа нь ажиглагджээ. Түүнчлэн 13 орон ардчилсан систем рүү шилжиж буй бол үүнээс хоёр дахин их буюу 27 улс  авторитар дэглэм рүү шилжиж байна.  Авторитар дэглэмтэй орнуудын бараг тал хувь нь 2022 онд илүү дарангуйллын шинжтэй болж иржээ. Тухайлбал, Афганистан, Беларусь, Камбож, Никарагуа улсуудад дарангуйлал бэхжиж байна. 

Азид авторитар дэглэм газар авч эхэлсэн бөгөөд тивийн хүн амын 54 хүрэхгүй хувь нь ардчилсан орнуудад амьдарч байна. Харин Африкт тоо томшгүй олон сорилт тулгарсан ч олон улсын тогтворгүй байдлын өмнө "тэсвэртэй" хэвээр байна.

"Арабын хавар" хувьсгалаас хойш 10 жилийн дараа Ойрхи-Дорнод дэлхий дээрх хамгийн том авторитар бүс нутаг хэвээр байна. Тус бүс нутагт зөвхөн Ирак, Израиль, Ливан гэх гурван улс ардчилсан засаглалтай. 

Европ тивийн ардчилсан орнуудын бараг тал хувь буюу 17 оронд сүүлийн таван жилд ардчилал буурчээ.

огтворгүй байдал, түгшүүртэй өнөөгийн орчинд ардчилсан орнууд тэнцвэрийг хадгалахын төлөө тэмцэж байгаа ч ардчиллын шинэчлэл, өсөлт зогсонги байдалд орж эсвэл буурсаар байна. Ардчилал сулрах үед популистууд дэлхий даяар байр сууриа эзэлсээр байна" гэж Кевин Касас-Замора тайлбарлажээ. Ардчиллын статус өндөртэй улс орнуудад ч "сорилт, зовлон" байдгийг тэрбээр онцлон тэмдэглэв. 

Сүүлийн таван жилд дэлхий даяар ардчилалд хүрэх үйл явц удааширсан бөгөөд зарим орнуудад 1990-ээд оны түвшинд хэвээр байна. 

Гэхдээ зарим ахиц  дэвшил ч ажиглагджээ. Ард иргэд нэгдэн засгийн газрууддаа хандан 21-р зууны шаардлага, стандартуудад нийцэхийг шаардах болсон аж. Азид хүүхдийн асаргаа сувилал, Латин Америкт нөхөн үржихүйн эрх чөлөө сайжирч, дэлхий даяар залуус уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг анхаарлаа хандуулан жагссан зэргийг ахиц дэвшил гэж харжээ. Гэхдээ Иран гэх мэт орнуудад ард иргэд эрх чөлөө, эрх тэгш байдлын төлөө тэмцсээр байна. 

Ардчиллыг дэлхий дахинд сурталчлах зорилгоор байгуулагдсан "IDEA" байгууллагын мэдээлснээр, "Сонгуулийн хууль ёсны байдалд хүмүүс итгэх итгэлээ алдаж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд бэрхшээл учрах болсон нь дэлхий даяар ардчилал доройтох шалтгаан болжээ.

34 гишүүн орны төлөөлөгчдөөс бүрдэх тус байгууллага нь  сонгуулийн үр дүнд үл итгэх хандлага, залуучуудын дунд улс төрийн намууд болон тэдний удирдагчдад итгэх итгэл алдрах, барууны хэт туйлшралаас шалтгаалан ардчиллаас ухрах байдал эрчимжиж байгааг анхааруулж байна. 

Стокгольмд төвтэй тус байгууллага нь жил бүр Ардчилсан орнуудын мэдээллийг гаргадаг. Ардчилалд заналхийлж буй хямралууд нь цөмийн дайны айдас, амьжиргааны өртөг огцом нэмэгдэж буй инфляци, цаг уурын өөрчлөлтийн түгшүүр гэж мэргэжилтнүүд онцолжээ. 

"Дэлхий дахин "маш чухал салаа замын уулзварт байна. Ардчиллыг аврах тодорхой механизмыг ажиллуулахгүй бол авторитар дэглэм улам газар авна" гэдгийг тэд анхаарууллаа. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
11
ЗөвЗөв
8
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж