Ж.Ганбат: "Эрдэнэс Тавантолгой" компани 451 сая долларын өртэй байна

Хуучирсан мэдээ: 2022.12.01-нд нийтлэгдсэн

Ж.Ганбат: "Эрдэнэс Тавантолгой" компани 451 сая долларын өртэй байна

Ж.Ганбат: "Эрдэнэс Тавантолгой" компани 451 сая долларын өртэй байна

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас өнөөдөр /2022.12.01/ мэдээлэл хийлээ.


“Эрдэнэс Тавантолгой” компанийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат “Ажил хүлээн авснаас хойших 35 хоногийн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” компани нийт 341.5 сая ам долларын үнэлгээ бүхий 3.7 сая тонн нүүрс борлуулсан. Үүнээс  зөвхөн арваннэгдүгээр сард 205.5 сая ам.доллар бүхий нүүрс борлуулсан.

Аравдугаар сарын 5-ны байдлаар 615 сая ам.долларын өр байсан бол 150 сая ам. долларын үнэ бүхий нүүрс өгч төлснөөр 451 сая ам.долларын өр үлдсэн.  Энэ ондоо багтаагаад үлдэгдэл 451 сая ам.долларын өрийг нүүрсээр төлөхөөр ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар экспортыг өдөрт 110.9 мянган тоннд хүргэсэн нь сарын өмнөхтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдүүлсэн байна. Онцгой дэглэм тогтоохоос өмнө Тавантолгой-Цагаанхад чиглэлд өдөрт 202 тээврийн хэрэгслээр 19.8 мянган тонн нүүрс тээвэрлэж байсныг 3-4 дахин нэмэгдүүлсэн. Тавантолгой-Цагаанхад чиглэлийн өдрийн дундаж ачилтыг 700 машин буюу 74.2 мянган тоннд хүргэсэнлээ.  Хамгийн өндөр түвшиндээ өдөрт 1028 тээврийн хэрэгсэлд 100.8 мянган тонн нүүрсийг ачуулсан байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ил тод байдлыг хангах, олон нийт хяналт тавих нөхцөл бүрдүүлэх үүднээс нүүрс борлуулалтын 142 гэрээ, уурхайн ачилтын үзүүлэлт, олборлолтын гэрээнүүдийг нээлттэй болгосон.

Нүүрсний борлуулалтыг нээлттэй дуудлага худалдааны зарчмаар зохион байгуулах хүрээнд Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг байгууллагатай хамтран Цахим арилжааны журмыг боловсруулан ажилласан.

Уул уурхайн биржид “Эрдэнэс Тавантолгой” компани голлож, цахим арилжааны журмаар ил тод нээлттэй ажиллаж байна. Мөн уурхайгаас Цагаан хад хүртэлхийг камераар хянаж байгаа.  Ямар дугаартай машин нүүрс ачиж байна вэ гэдэг тодорхой болсон. Одоо Цагаан хаднаас хил рүү гаргаж байгаа нүүрс тээврийг ил тод болгоно.

Хоёр асуудлыг Эрүүгийн цагдаа нар шалгаж байгаа. Эхнийх нь 2018 оны Цагаан хадан дахь нүүрс овоолгоос нүүрс дутсан асуудал. Хоёр дахь нь уурхайгаас ачигдсан нүүрс Цагаан хаданд буудаг, Цагаан хаднаас хил рүү гаргадаг. Чанар, кг ын зөрүүтэй асуудал байгаа, энийг мөн Эрүүгийн цагдаа шалгаж байна.

Засгийн газраас нүүрсний экспортыг ил тод болгох үүрэг өгөгдсөний дагуу “Эрдэнэс Тавантолгой” компани Гааль, Татварын байгууллагатай хамтран ажиллаж байна. Ингэснээр өнөөдрөөс эхлээд “Эрдэнэс Тавантолгой” компани уурхайн амнаас олборлож байгаа нүүрс, экспортод гарч байгаа нүүрсний мэдээллээ Гааль, татварын автомат бүрдүүлэлтийн системд бүртгүүлж эхэлсэн. Мэдээллээ бүртгэлжүүлж, хуваалцах нь нүүрсний экспортод гардаг зөрүү арилна гэж үзэж байна.

– “Эрдэнэс Тавантолгой” компани 2022 онд нийт 36 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьж байсан, чадах уу. 450 гаруй ам.долларын өртэй гэдэг асуудал яригдлаа. Энэ өрийг хэдийгээр төлж дуусгах боломжтой вэ. Үндэсний компаниудыг тээвэрлэлтэд оруулж ирэх талд ажиллахгүй байна гэдэг асуудал яригдах боллоо?

Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат: Аравдугаар сарын 25-нд ажил хүлээн авснаас хойш 341.5 сая ам.долларын үнэлгээтэй, 3.7 сая тонн нүүрсийг “Эрдэнэс Тавантолгой” компани борлуулсан. Зөвхөн арваннэгдүгээр сард 205.5 сая ам.долларын үнэ бүхий 2.3 сая тонн нүүрс борлуулснаас 1.5 сая тонн нүүрсийг Ганшуунсухайт боомтоор экспортолсон. Өөрөөр хэлбэл, 800.000 тонн нүүрс Цагаан хадан дээр үлдсэн гэсэн үг.

Цагаан хаднаас ачигдсан, Ганц модны боомтоор экспортод гардаг нүүрсний экспортыг нэмэгдүүлэх шаардлага байгаа учраас өнгөрсөн Даваа гаригт Боомтын сэргэлтийн үндэсний хороонд хандан, нүүрс тээвэрлэлтийн машиныг нэмэгдүүлэх хүсэлтээ тавьсан. Хятадын талтай Боомтын сэргэлтийн үндэсний хороо уулзахдаа асуудлыг тавьсан, Цагаан хадан дээр овоороод байгаа нүүрсэн дээр ажиллана.

Оффтейк гэрээгээр экспортод гаргасан нүүрсний төлбөрийн 20 орчим хувь нь худалдан авагч талд үлдээд байсан. Худалдан авагч талтай ярилцсанаар 8 хувийг нь буцааж авч байна. 451 сая ам.долларын өр үлдсэн учраас энэ сардаа багтаан гаргахаар ажиллаж байна.

Уурхайгаас ачигдсан нүүрс Цагаан хаданд буулгаж, түүнийг нь дахин тээвэрлэж хилээр гаргадаг. Нүүрсийг зөвхөн худалдан авагч тал хийдэг. Аман нөхцөлөөр худалдан авагч тал хариуцаж байгаа юм. Тэгэхээр хэний, аль компанийн, ямар автомашин нүүрс тээвэрлэж байгааг бид огт мэдэхгүй. Ирэх оноос төмөр зам, авто тээврээр “Эрдэнэс Тавантолгой” компани  өөрсдөө нүүрсээ хил рүү тээвэрлэхээр төлөвлөж байна. Ингэснээр  сонгон шалгаруулалт, гэрээ хийгээд бүгд нээлттэй болно. Тээвэрлэлтийг зөвхөн монгол тээвэрчид хийнэ,  маш нарийн зохион байгуулалттайгаар ажиллах шаардлага байгаа. Одоо тээвэрлэлтэд маш их хүндрэл үүссэн. Учир нь өмнө 200 автомашин тээвэр явж байсан бол одоо 700-800 машинаар нүүрсээ тээвэрлэхэд нарийн зохион байгуулалт хэрэгтэй болж байгаа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж