Монгол Улсын чухал “гуравдагч хөрш” болох Япон Улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож буй. Ойн хүрээнд Япон Улсын Засгийн газрын урилгаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт тус улсад төрийн айлчлал хийв.
Айлчлалынхаа үеэр Ерөнхийлөгч Япон Улсын төр, засаг, парламентын дээд, өндөр түвшинд уулзалтууд хийсэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд 12 жилийн дараа Япон Улсад хийж буй төрийн айлчлалын улс төрийн ач холбогдлыг тодотголоо.
Улмаар хоёр орны төр, засгийн тэргүүн нар Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг шат ахиулан Тусгай стратегийн түншлэлийг хөгжүүлэхээр санал нэгдэж, Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан нь айлчлалын онцлох үр дүн болж байна.
Мөн Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд Токио хотноо Монгол, Японы төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах зэргээр эдийн засгийн агуулгыг ч багтаажээ.
Ингээд айлчлалын үйл явдлуудыг тоймлон хүргэе.
Харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг онцоллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако нарт бараалхах үеэрээ хоёр орны Стратегийн түншлэлийн харилцаа “Рэйва”-гийн шинэ эринд улам батжин бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Япон Улсад хийж буй энэ удаагийн айлчлалаар хамтын ажиллагааны хэтийн төлөв, зорилтыг тодорхойлж, хоёр улсын харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэхээр тохирсонд сэтгэл хангалуун байгаагаа хэлэв.
Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөл улам батжин бэхжиж байгааг тэмдэглээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Япон Улсад хийж буй төрийн айлчлалд амжилт хүсэв.
Япон Улс Тусгай стратегийн түншлэлийн харилцаатай анхны орон боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида нар Ерөнхий сайдын өргөөнд албан ёсны хэлэлцээ хийв.
Талууд Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 50 жилийн хамтын ажиллагааг дүгнэж, “Монгол Улс, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн зарчимд тулгуурлан хөгжүүлэхээр тогтлоо.
Мөн цаашид эрх чөлөө, ардчилал, хүний эрх, зах зээлийн эдийн засаг зэрэг нийтлэг үнэт зүйлсдээ тулгуурлан бүхий л салбарын “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн сацуу дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд хамтдаа хувь нэмэр оруулж, нягт хамтран ажиллахаар болов.
Ташрамд дурдахад, Монгол Улс нь хөршүүд болох ОХУ, БНХАУ-тай Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлж буй. Харин АНУ, БНСУ, БНЭУ-тай Стратегийн түншлэлийн харилцаатай. Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр ийнхүү Япон Улс нь Тусгай стратегийн түншлэлийн харилцаатай анхны орон болж байна.
Устөрөгчийн үйлдвэрлэлийн чиглэлд японы талтай хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв
Монгол, Японы төр, засгийн тэргүүн нарын албан ёсны хэлэлцээний үр дүнгээр “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг хөгжүүлэх чиглэлд Хамтарсан мэдэгдэл гаргав.
Хамтарсан мэдэгдэлд өнөөг хүртэлх хоёр улсын харилцааны ололт, амжилтыг дүгнэж, Улс төр, аюулгүй байдлын салбар, Эдийн засгийн хамтын ажиллагаа, Хүнд чиглэсэн хөрөнгө оруулалт, Дэлхий нийтийг хамарсан нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хамтын ажиллагаа зэрэг үндсэн чиглэлд Монгол, Японы харилцааны хэтийн төлөвийг тодорхойллоо.
Дээрх дөрвөн чиглэлд үндэслэн “Монгол Улс, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн 10 жилийн Үйл ажиллагааны хөтөлбөрийг байгуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс дэвшүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Япон Улсын Засгийн газраас дэмжин ажиллаж, Монгол Улсад ойжуулах төсөл болон 20 мянган монгол хүүхэд, залуустай мод тарих үйл ажиллагаа зохион байгуулна.
Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэлд Япон Улсын хөрөнгө оруулалт, техник технологи, ноу-хауг Монголд нэвтрүүлэх, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт, газрын ховор элемент, ховор металл зэрэг ашигт малтмал болон “Устөрөгчийн үйлдвэрлэл ба дагалдах бүтээгдэхүүн боловсруулах” чиглэлд японы талтай хамтран ажиллах сонирхлоо монголын тал нотлов.
Үйл ажиллагааны 10 жилийн хөтөлбөрийг байгууллаа
Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалынхаа үеэр хийсэн уулзалтуудыг багцалбал:
- Япон, Монголын Эдийн засгийн хорооны тэргүүн Цүбай Хироюки тэргүүтэй гишүүдийг хүлээн авч уулзаж, эдийн засгаа төрөлжүүлэн, олон тулгуурт эдийн засгийн бүтэцтэй болгох, экспортын чадавхыг дээшлүүлэхийн чухлыг тэмдэглэв.
- Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосода, Японы Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, хүндэт зөвлөх Т.Никай нарыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Япон, Монголын найрсаг харилцааны бат бэх үндэс сууринд тулгуурлан хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэхэд Японы Парламентын зүгээс цаашид ч дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв.
- Японы Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи-г хүлээн авч уулзаж, Зөвлөхүүдийн танхим нь хоёр улсын харилцааны харилцааны хөгжилд үргэлжлүүлэн анхаарч, ирэх 50 жилд тууштай дэмжлэг үзүүлэн ажиллана гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлэв.
- Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн хүндэт зөвлөх Никай Тошихиро, “ЖАЙКА” байгууллагын ерөнхийлөгч Танака Акихико, Элчин сайд асан Шимизү Такэнори, Такаока Масато тэргүүтэй эрхмүүдийг төрийн одон, медалиар шагналаа.
Холбоотой мэдээ