Эзэн хаан I Наполеон гэгдэх болсон Наполеон Бонапарын 1812 онд Оросыг дайлаар мордсон довтолгоог зөвхөн цэргийн тактик, эсэргүүцэх чадвараар бус өвлийн хүйтэн цаг агаарын нөлөөгөөр зогсоосон юм. Түүнчлэн дэлхийн II дайны үед Гитлерийн Герман нь АНУ, Их Британи болон бусад барууны хүчнүүдтэй тулалдахын зэрэгцээ зүүн зүгт Орос руу дайрсан нь түүний ялагдалд маш том нөлөө үзүүлсэн. Германаас Орос руу дайрсан жил урьд өмнө нь байгаагүй хүйтэн өвөл болсноос цэргүүд нь цаашид тулалдах боломжгүй болсон аж. Ийнхүү хахир хүйтэн өвлийн ачаар оросууд удаа дараа аврагдаж байв.
"Орчин цагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ өвлийг Украины эсрэг "дайны зэвсэг" болгон ашиглаж байна" гэж Умард Атлантын цэргийн эвсэл буюу "NATO" -гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгджээ.
Украин нь өвлийн температур тэгээс доош унаж хүйтэрдэг дэлхийн хэсэгт оршдог бөгөөд нийслэл Киев хотноо нэгдүгээр сарын дундаж температур Цельсийн хасах нэгээс хасах долоон градус байдаг аж. Тиймээс эрчим хүчний хэрэглээ өвөлдөө нэмэгддэг. Гэтэл ОХУ-ын арми Украины эрчим хүчний дэд бүтцүүдэд цохилт өгсөн нь өвлийн хүйтнийг ашиглан буулгаж авах тактик гэж үзжээ.
ОХУ нь Украинд бүрэн хэмжээний дайн эхлүүлснээс хойш 10 сарын хугацаа өнгөрч байна. Оросууд өнгөрсөн аравдугаар сараас хойш Украины дулааны станцууд, хийн хоолойнууд, цахилгаан эрчим хүчний дэд бүтцийн 40 гаруй хувийг нь эвдэж, сүйдэлсэн.
"Путин дайнд ялагдал хүлээж эхэлснээр илүү харгис авир гаргах болсон. Тэрбээр Украины дэд бүтцүүд рүү цохилт өгснөөр олон сая украинчуудыг ус, цахилгаан, гэрэл, халаалтгүй болгохыг хичээж байна. Путин энэ өвлийг дайны "зэвсэг" болгон ашиглаж байна. Энэ нь олон сая украинчуудыг тарчлааж байн. Иймээс бид Украиныг дэмжих шаардлагатай" гэж Йенс Столтенберг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 28-нд Бухарест хотноо болсон уулзалтын үеэр мэдэгджээ.
Украины нийслэл Киев хот дайн эхлэхээс өмнө 2.8 сая хүн амтай байсан. Тус хотод өдгөө цас орж, хүйтний ам наашилсан ч эрчим хүчний хэрэглээнийхээ 65 хувийг нүүрснээс гарган авсан түлш, цөмийн станцаар хангаж байна.
Украины эрчим хүчний "Нафтогаз" компани АНУ-аас тусламж хүссэн тухай "Reuters" мэдээлсэн. Улмаар "USAID" агентлагаас өнгөрсөн аравдугаар сард Украины халаалтын дэд бүтцэд зориулан 55 сая ам.доллар олгожээ. Мөн өнгөрсөн арваннэгдүгээр сард Их Британи улсаас Украины эрчим хүчний системд зориулан 50 сая ам.долларын дэмжлэг үзүүлжээ. Уг дэмжлэг нь тусгайлан эрчим хүчний шугамыг засварлахад зориулагдаж байгаа аж.
Үүний зэрэгцээ Украины эрчим хүчний дэд бүтцэд Оросын талаас халдсан үйлдлийг "геноцид" гэж Германы засгийн газраас нэрлэсэн юм.
ЭХ СУРВАЛЖ: QUARTZ, BBC
Холбоотой мэдээ