Толгойгоороо хөлбөмбөг, царайгаараа охидын зүрхээр НААДАГЧ

Хуучирсан мэдээ: 2022.12.01-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Толгойгоороо хөлбөмбөг, царайгаараа охидын зүрхээр НААДАГЧ

Толгойгоороо хөлбөмбөг, царайгаараа охидын зүрхээр НААДАГЧ

"NEWS” агентлаг энэ удаа “ХҮМҮҮС” буландаа Өмнөд Солонгосын шигшээ багийн довтлогч Чо Гю Соныг онцолж байна. Өдгөө 24 настай тэрбээр энэ удаагийн ДАШТ-ээр од болж буй. Түүний хувьд Ганын шигшээ багийн эсрэг хоёр гоол оруулаад зогсохгүй охид бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг булаажээ. 


СПОРТЛОГ ГЭР БҮЛИЙН МӨЧИР

Чо Гю Сон 1998 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр Аньсань хотод спортын гэр бүлд төржээ. Түүний аав хөлбөмбөгийн клубын гишүүн байсан бол ээж нь мэргэжлийн волейболын тамирчин байсан аж. Тэрбээр 189 см өндөртэй бөгөөд энэ нь ээжээсээ удамшсан юм байна. Дээрээ хоёр эгчтэй Чо гэр бүлийнхэнтэйгээ нэлээд дотно байдаг. Тэд хамтдаа караоке орж, гэртээ үдэшлэг зохиодог гэж эх сурвалжууд бичжээ.

ХӨЛБӨМБӨГӨӨ ХАЯХ ДӨХСӨН НЬ

Чо бага насандаа хөлбөмбөгөөр хичээллээд тийм ч их амжилт үзүүлсэнгүй. Тэрбээр ээждээ хөлбөмбөгөөр ахин хэдхэн сар хичээллээл амжилт олохооргүй бол төрийн албан хаагчийн шалгалтад бэлдэнэ гэж амлаж байв. Гэвч аз тохиож, тэр хөлбөмбөгчин болж чаджээ.

Чо өсвөрийн багт байхдаа ихэнхи цагаа сэлгээнд банз халааж өнгөрүүлсэн аж. Харин их сургуульд ороод түүний хувь заяа, тоглодог байрлал нь бүрэн өөрчлөгдөв. Хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч хүүг Гванжу их сургуулийн дасгалжуулагч И Сюн-Вон 2017 оноос эхлэн довтлогчоор тоглуулж эхэлжээ. Шинэ байрлал нь түүнд үнэхээр зохицож, багийнхаа гол тоглогчдын нэг болж, удалгүй доод лигийн багаас дээд лигийн Жонбук Хьюндай Моторс багтай гэрээ байгуулсан юм.

ЦЭРГИЙН АЛБА ХААСАН ХӨЛБӨМБӨГЧИН

Дээд лигийн багт элссэн Чо эхний улиралдаа өөрийгөө батлан харуулж чадалгүй олон хүнд бэрхшээлтэй нүүр тулав. Улмаар 2021 онд Гимчион Сангму гэх армийн багт элсч, хөлбөмбөг тоглохын хажуугаар хугацаат цэргийн албаа хаажээ. Тус баг нь ирээдүйтэй хөлбөмбөгчдийг цэргийн албаа хаахын хажуугаар авьяасаа хөгжүүлэх зориулалттай байгуулагдсан гэнэ. Ийнхүү Чо 2022 оны есдүгээр сард цэргээс халагджээ. Армид өнгөрүүлсэн цаг хугацааныхаа ачаар түүний биеийн хөгжил, техник ур чадвар нь мэдэгдэхүйц сайжирч, 2022 оны Солонгосын дээд лигийн мэргэн бууч болоод зогсохгүй Жонбук багаа Солонгосын хөлбөмбөгийн холбооны цомд түрүүлэхэд чухал хувь нэмрээ оруулжээ.

ШИГШЭЭ БАГТАА ДУУДАГДАВ

Чо 2021 оны есдүгээр сарын 7-ны өдөр Өмнөд Солонгосын шигшээ багийн төлөөх дебют тоглолтдоо оролцжээ. Тэрбээр ДАШТ-ий эрхийн төлөөх тоглолтод Ливаны эсрэг талбайд гарав. Өмнө нь 2019-2021 оны хооронд Солонгосын 23 хүртэлх насны шигшээ багт дуудагдаж, 11 тоглолтод дөрвөн гоол оруулж байлаа.

Харин үндсэн шигшээ багийнхаа төлөө 18 тоглолтод зургаан гоол оруулаад байна. Тухайлбал, Исланд, Ливан, Египет, Хятад болон сүүлд Ганын эсрэг гоол оруулжээ.

2022 оны арваннэгдүгээр сард португал мэргэжилтэн Пауло Бенто Катарыг зорих Солонгосын шигшээ багийн 26 тамирчны нэрсийг зарласан. Энэхүү бүрэлдэхүүнд Чо багтаж, эх орон, ард түмэндээ баяр баяслыг авчрахаар сонгогдов.

ТҮҮН ШИГ АЗИ ХӨЛБӨМБӨГЧИН ҮГҮЙ

Өмнөд Солонгосын шигшээ баг дэлхийн аваргын нээлтийн тоглолтоо Уругвайтай хийн 0-0 гэсэн харьцаатай тэнцэхэд Чо сэлгээгээр талбайд гарсан. Харин Ганатай хийсэн хэсгийн хоёр дахь тоглолтод дасгалжуулагч Пауло Бенто түүнд итгэл хүлээлгэн гараанд гаргасан. Тэр ч итгэлийг нь алдалгүй баг 0-2 гэж хожигдож явахад хоёр гоол оруулан тооны харьцааг тэнцүүлсэн. Тэнцүүлэхдээ бүр хоёр гоолоо хоёуланг нь толгойгоороо мөргөж оруулсан. Энэхүү амжилтаараа тэрбээр ДАШТ-ий нэг тоглолтод хоёр гоол толгойгоороо оруулсан анхны Ази хөлбөмбөгчин болсон юм. Харамсалтай нь, тус тоглолтод Ганын шигшээ өрсөлдөгчөө 3-2 гэсэн харьцаатай буулган авсан билээ.


Тоглолтын дараа Чо “Биднийг дэмжин шөнө босч тоглолтоо үзсэн ард түмнээсээ уучлалт гуймаар байна. Би хэн ч биш, өчүүхэн тоглогч байсан бол одоо олон улсын түвшинд тоглож байна” гэжээ. Сайн тоглолтынхоо ачаар Чо Европын хэд хэдэн багуудын хараанд өртсөн гэнэ. Сүүлийн мэдээллээр Шотландын Селтик клуб түүнийг сонирхож байгаа гэх мэдээ гарчээ.

Дашрамд дурдахад, тэрбээр талбайд гарахынхаа өмнө нүдээ аньж, хэрхэн тоглох талаараа төсөөлдөг гэнэ. Мөн түүний хоёр хуруугаа зөрүүлэн үнсдэг гоолын баяр болон зүүн нүдний доорх мэнгэ нь алдартай аж.

Чо Гю Соныг нүднийхээ доор гоо сайхны мэнгэ тавиулсан гэдэг.

ЦАХИМ ЕРТӨНЦИЙН ОД

Ганын эсрэг хоёр гоол оруулж, дэлхийн дахинаа өөрийгөө харуулсан Чо сүүлийн өдрүүдэд цахим ертөнцөд “гал” асааж байна. Түүний инстаграмын дагагчдын тоо дэлхийн аварга эхлэхээс өмнө ердөө 20 мянга байсан бол Ганатай хийсэн тоглолтын дараа 750 мянгад хүрч, өдгөө 1.6 сая болжээ. Үүнээс гадна “Google” дээр “Чод ямар төрлийн бүсгүй таалагддаг вэ?”, “Чогийн үерхэл”, “Чогийн гэрлэлт”, “Чо Пак Со-Жун” гэх мэт хайлтууд түгээмэл болжээ. Түүнийг жүжигчин Пак Сон-Жунтай төстэй гэж олон хүн үзэж байгаа болохоор “Чо Пак Со-Жун” гэх хайлт их байгаа гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ЗөвЗөв
7
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж